ДХИС-ийн Онцгой байдлын сургууль нь 2020 оны “Тэргүүний сургууль”-аар шалгарлаа. Тус сургууль нь 2020 онд сурах орчин нөхцлийг сайжруулах, сургалтын материллаг баазыг нэмэгдүүлэх хүрээнд олон бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажилласан байна.
Сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэв
Сонсогч, суралцагчдын сурах орчин нөхцлийг сайжруулах, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор “Спорт цогцолбор, төв номын сан”-г шинээр ашиглалтад оруулж, Онцгой байдлын ерөнхий газраас шийдвэрлэсэн 680 сая төгрөгийн санхүүжилтээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэв. Мөн “Гал түймэр унтраах тактик, арга зүйн танхим”, “Урьдчилан сэргийлэх ажлын танхим” –уудыг шинэчлэн тохижууллаа. Онцгой байдлын сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хана, Онцгой байдлын сургуулийн тугийг байрлуулах болон багаж зэвсэглэмж хадгалах шилэн хорго, Гал унтраах техникийн олон төрөлт спортын алдрын хана, сургуулийн үйл ажиллагааны гэрэлтдэг самбар, мэдээллийн самбар, жижүүрийн хэсгийг тохижуулан, Усан спорт, сургалтын төвийн хананд сургалтын есөн ширхэг үзүүлэн самбарыг байршлуулаад байна.
Гал түймэр унтраах, аврах клиник сургалтын ангитай боллоо
Гал түймэр унтраах, аврах клиник сургалтын ангийг байгуулж, тухайн ангийн тавиуланд албаны тусгай зориулалтын DAEWOO маркийн 8,5 тонны даацтай автомашин, HUYNDAI маркийн 2,5 тонны даацтай автомашиныг тус тус байрлуулан гал түймэр унтраах багаж зэвсэглэмжээр тоноглолоо. Мөн тавиулангийн стандартын дагуу хязгаарлалтын болон аюулгүйн шугам татаж, сургалтад ашиглахад бэлэн болгоод байна. Тус ангийг байгуулснаар сонсогч, суралцагчид танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ бататган практикт ажиллах ур чадвар эзэмшүүлэх боломж бүрдлээ.
Усан спорт, сургалтын төвтэй болов
Сургуулийн багш, алба хаагч, сонсогч, суралцагчдад усан спортын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, усанд сэлэлтийн ахисан түвшний сургалтыг зохион байгуулах, гүний усны аврах ажиллагаанд оролцох чадвар эзэмшүүлэх зорилгоор ДХИС-ийн санхүүжилтээр “Усан спорт, сургалтын төв”-тэй боллоо. Сургалтын төвд ОБЕГ-аас хоёр дасгалжуулагч багш, хоёр усчин-аврагч ажиллаж байна. Усан спорт, сургалтын төв нь 25 м урт, 2,2 м гүнтэй дөрвөн замтай. Мөн Онцгой байдлын байгууллагын суралцагчдад зориулсан гүний шумбалтын бассей нь 4м гүн, 11 м урт нэг замтай гэдгээрээ онцлог юм.
Сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх өөрийн үнэлгээний тайланг боловсруулав
ДХИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын сургалтын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд хүргүүллээ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Онцгой байдлын сургууль хооронд байгуулсан “Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээ”-ний хүрээнд шинжээчдийн баг тус сургуульд ажиллаж, хөтөлбөрийн өөрийн үнэлгээнд чанарын үнэлгээ хийлээ.
“Давхар эргэдэг байнгын шат” инновацын бүтээл санаачлав
“Аврагч, гал сөнөөгчийг өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үед сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, бие бялдар, тэсвэр хатуужил олгох зориулалт бүхий “Давхар эргэдэг байнгын шат” төхөөрөмжийг санаачлан хийлээ. Тус төхөөрөмжийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлд танилцуулан дэмжигдэж, патентын эрх авахаар материалыг бүрдүүлэн ажиллаж байна.
Судалгааны бүтээл, шинэ сурах бичиг, гарын авлагууд
Үндэсний аюулгүй байдлын захиалгын дагуу “Хүүхэд залуучуудын хүмүүжил, сэтгэхүйн доройтол ба гадны соёлын дам нөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет орчны хор уршиг” сэдэвт суурь судалгааны ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөв.
ОБС-ийн багш нар 2020 онд:
-Дэд хурандаа Б.Энхтүвшин “Гал түймэр унтраах арга зүйн бодлогын хураамж”, ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран 20,000 үгтэй “Монгол-Англи-Орос” толь бичиг,
- Дэд хурандаа Ц.Ганчимэг “Химийн бодисын аюулгүй байдал” сурах бичиг,
- Хошууч Г.Хатанбаатар “Нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж” гарын авлага,
- Бэлтгэл хурандаа Д.Ганболд “Гал унтраах багаж зэвсэглэмж” гарын авлага,
- ЭЗНАТТ-ээс эрхлэн гаргасан “Гамшгийн эрсдэл судлал” сэтгүүлийг тус тус эрхлэн гаргав.
Зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал
“Гал түймэр унтраах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэл болгон гаргасан. ДХИС-ийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/66 дугаар тушаалаар зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” сэдэвт цахим эрдэм шинжилгээний хуралд ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэн, Казахстан Улсын Кошкетуаскийн Онцгой байдлын сургууль зэрэг байгууллагаас төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлсэн. Энэ үеэр Судлаач, доктор (Ph.D) Д.Сэржмядаг “Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хөтөлбөрт олон нийтийн оролцоог хангах асуудал тусгагдсан байдал, тэдгээрийн хэрэгжилт”, судлаач Б.Энхтүвшин “Нийгэм, эдийн засгийн интеграл арга зүй ашиглан Монгол Улсын гамшгийн эрсдэлийн аюулын индекс тогтоох загвар”, судлаач, доктор (Ph.D) Игорь Анатольевич Захаров “Анализ пожарных рисков и деятельности пожарно-спасатильного гарнизона г.Нур-Султан” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцэв.
Сургуулийн тэргүүний клубээр шалгарав
ДХИС-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа секц, дугуйлангийн нээлтийн арга хэмжээний үеэр Гал унтраах техникийн олон төрөлт спортын секцийн үйл ажиллагааг танилцуулан тэргүүн байранд шалгарлаа. Тус секц нь секц, дугуйлан хичээллүүлэх удирдамжийн дагуу гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэлийг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 611, 612 дугаар дамжаанаас хамрагдах сонсогчдыг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг явуулж байна. Сонсогч, суралцагчдыг хичээлийн бус цагаар хөгжүүлж, улмаар гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд оролцох тамирчид тогтмол бэлтгэл, дасгал сургуулилт гэдгээрээ ач холбогдолтой юм.
Эргүүл хамгаалалтын үүргийг 34 өдөр гүйцэтгэв
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эргүүл хамгаалалтыг чангатган хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу сонсогчид эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар 151 сонсогчийг хариуцан Чингэлтэй дүүргийн I хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 12-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэл 34 өдөр үүрэг гүйцэтгэлээ.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар ажиллаж, тус улсын Галын сургуулийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан. Мөн БНСУ-д Чангшин их сургуультай хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр хийх ажлын хэсэгт ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.