Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд аймгудад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Их тээвэр” ХХК-ийн хашаанд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:29 цагт очиж 10х10 метрийн хэмжээтэй гарааш, “Тоёота Марк Икс” загварын автомашины хөдөлгүүр тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Морьтой хөшөө”-ний баруун урд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:59 цагт очиж иргэн Б-ын “Норд бенз” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 32 дугаар гудамжинд байшингийн дээврийн хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:35 цагт очиж 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 22:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:06 цагт очиход эзэнгүй айлын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Цэнхэр мандал” амралтын газрын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01:14 цагт очиж иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /58 настай, эрэгтэй/-ын толгой, хүзүү, нуруу, зүүн гар түлэгдсэн байсныг НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны 03:26 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1км замыг туулан 03:27 цагт очиж иргэн Э-ын 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top