Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 9-14 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 21-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр 15-17 м/с хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

2. Гал түймэр:

Булган аймгийн Булган сумын Рашаант багийн Гурилын үйлдвэрийн нийтийн байрны хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:59 цагт очиж, Булган “АЗЗА” ТӨХК-ийн “Бонго пронтер” загварын дунд оврын ачааны автомашины хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:49 цагт очиж, иргэн Ч-ийн 15х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2Б байрны 3 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:10 цагт очиж, 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Б /59 настай, эрэгтэй/ угаартсан байсныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тус орцны 6 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 41 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 16.32 цагт очиж, иргэн Н-ийн “Эксел” загварын суудлын автомашин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 19:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 19:40 цагт очиж, иргэн Г-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын фермийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 19:41 цагт очиж, иргэн А-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн 6х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын-Амны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 14:56 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:12 цагт очиж, иргэн Ө-ын 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, дотор талын хана шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн Хангай багт “Мөнх Номин” жимсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 21:19 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:23 цагт очиж, 7х4 метрийн хэмжээтэй байшингийн нам даралтын уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Анума хотхоны 72 дугаар байрны 3 давхарт цэвэр, бохир ус дамжуулах шугамын шаагтны нүхэнд хүүхэд гацаж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 15:40 цагт очиж, тус тоотод оршин суугч Х /14 настай, эмэгтэй/-ыг цэвэр, бохир ус дамжуулах шугамын шаагтны нүхэнд гацсан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top