Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Сүмбэр худаг” ХХК-ийн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-ийн бичил уурхайд 4 иргэн нурангид дарагдсан тухай дуудлагаар /2015.12.30-ны өдрийн 01:03 цаг/ ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн бүлэг эрэн, хайх ажлыг зохион байгуулан ажиллалаа.
Газрын гүнээс 60 метрийн гүнд нуралт үүсч 4 иргэн дарагдсан байснаас 1 иргэний байрлал тодорхойгүй байсан. Эрэн, хайх ажлын явцад хүчилтөрөгч 19%, бусад хий хэвийн, уулын малталт давчуу, ажлын мөргөцөг заалалж нурсан, дахин нуралт үүсэх аюултай байсан.
Аврагчид аврах ажиллагааны явцад 24 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж аюулгүй байдлыг хангаж ажилласан. Аврах ажиллагаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд нуралтад хөл нь дарагдсан байсан иргэн Б /26 настай, эрэгтэй/-г 01:15 цагт, бүсэлхийнээс доод хэсэг нь дарагдсан байсан иргэн Н /37 настай, эрэгтэй/-г 02:35 цагт, битүү дарагдсан байсан иргэн М /23 настай, эрэгтэй/-г 06:34 цагт уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад, иргэн Б /22 настай, эрэгтэй/-н цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв.
Уул уурхайн аврах ангийн 34 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Уг осол хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарчээ.