Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/311 дүгээр тушаалаар томилсон ажлын хэсэг Булган аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон Булган, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид бэлэн байдлын үзлэг, шалгалтыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах журмын дагуу зохион байгуулав.
Тус аймгийн Онцгой байдлын газар 2013 онд 52 удаа, 2014 онд 71 удаа, 2015 онд 112 удаа, нийт 235 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж 365 хүний амь нас аварч, 987.4 сая төгрөг эд хөрөнгө хамгаалжээ.
Булган аймагт тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 39.1 хувь нь объектын гал түймэр, 20 хувь нь ой, хээрийн түймэр, 19.6 хувь нь малын халдварт өвчин, 6.0 хувь нь усны осол байна.
Нэг. Үзлэг, шалгалтыг зохион байгуулсан тухай
Үзлэг шалгалтыг дараах чиглэлээр хийв. Үүнд:
-Гамшгаас хамгаалах төлөвлөлт. Шалгалтын явцад үзлэгт хамрагдах ихэнх сум гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй байсан бөгөөд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулсан боловч хүч хэрэгсэл, томилгоог шинэчлэн тодотгоогүй 2013, 2014 оны байдлаар, төлөвлөгөөний биелэлтийг гаргаагүй, судалгааг үнэн зөв бодитой хийх тал дээр дутагдалтай байлаа.
-Орон нутгийг хөгжүүлэх санд гамшгаас хамгаалах чиглэлээр тусгасан ажил. Бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сум орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гал унтраагуур, үлээгч аппарат, үүргэвчийн гал унтраагуур, цуравдагч, мотопомп, сирень дохио худалдан авч, галын сарай, багаж хэрэгсэл хадгалах дулаан байр байгуулах, Мэргэжлийн ангийн албан хаагчдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэлээр хангаж, өөрсдийн нөөц бололцоогоор тросон шүүр, цохиур зэргийг хийсэн байна.
Аймгийн Онцгой комисс 2015 онд 6.5 сая төгрөгийг гаргаж тус аймгийн Могод, Хутаг-Өндөр суманд иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулан 16 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийх зардалд зарцуулсан байна.
-Шаардагдах хөрөнгийг төлөвлөж зарцуулсан байдал: 2013 онд аймгийн Онцгой комисс 9 удаа, 2014 онд 10 удаа, 2015 онд 6 удаа хуралдан нийт 81 шийдвэр, 8 албан даалгавар, Засаг дарга 20 захирамж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 6 тогтоол гарган 2013 онд 83 сая төгрөг, 2014 онд 117 сая төгрөг, 2015 онд 107 сая төгрөг, нийт 307 сая төгрөгийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон нөөц бүрдүүлэхэд зарцуулжээ.
-Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээ: Булган аймгийн Засаг даргын 2015 оны А/28, А/29 дүгээр захирамж, Онцгой комиссын 01, 02, 03 дугаар албан даалгавраар Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албаны дарга, сумын Засаг дарга нарт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бэлтгэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх болон өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүрэг чиглэл өгч, “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг угтаж хийх ажлын төлөвлөгөө”-г гарган сумдад хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих 4 ажлын хэсгийг томилон ажиллуулжээ.
Булган аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гамшгаас хамгаалах чиглэлээр 16 суманд бэлэн байдлын үзлэг, 2-3 суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах, сумдыг мотопомп, галын хоолой, хошуу, зарлан мэдээллийн дохио өгөх хэрэгсэл /сирень/-ээр хангах, Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин, “Эрэн хайх аврах салбарын” байрыг барьж ашиглалтад оруулах зэрэг 6 зорилт дэвшүүлж 95 хувийн хэрэгжилттэй байна.
Булган сумын төвд Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх 162 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эй Энд Ди” инженеринг компанийн тусламжаар ашиглалтад оруулсан, Могод, Хутаг-Өндөр суманд гамшгаас хамгаалах сургууль, дадлагыг зохион байгуулсан, Онцгой байдлын газрыг шуурхай албаны автомашин, моторт завиар хангасан, малчдад зориулсан гарын авлага хэвлүүлсэн, Булган суманд үерийн суваг барьсан зэрэг арга хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой ажил болсон байна.
Булган сумын Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гамшгаас хамгаалах чиглэлээр иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгааг зохион байгуулах, гамшиг, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөлийг арилгах ажлыг сайжруулж, гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр 2 зорилт дэвшүүлж 100 хувийн биелэлттэй;
Баяннуур сум Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн сирень дохиотой болох, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааг явуулах, гамшиг, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөлийг арилгах ажлыг сайжруулж, гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр 4 зорилт дэвшүүлж 94 хувийн биелэлттэй;
Бугат сум Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн сирень дохиотой болох, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр 2 зорилт дэвшүүлж 91 хувийн биелэлттэй;
Бүрэгхангай сум гамшгаас хамгаалах төлөвлөгөө, дайчилгааны төлөвлөгөөг жил бүр тодотгож, Мэргэжлийн анги, иргэдэд сургалт сурталчилгаа хийх, Төр, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн обьектийн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх багаж зэвсэглэмжийг сайжруулж галын буланг тохижуулах чиглэлээр 2 зорилт дэвшүүлж 100 хувийн биелэлттэй;
Гурванбулаг сум Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн сирень дохиотой болох, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэд, төрийн албан хаагчдын гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах, гамшгаас хамгаалах сан байгуулах, нөөц бүрдүүлэх чиглэлээр 4 зорилт дэвшүүлж 88 хувийн биелэлттэй;
Дашинчилэн сум Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт иргэдийн дунд зохион байгуулах, обьектийн болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалт зохион байгуулах, сэрэмжлүүлэг мэдээ хүргэх дуут дохиотой болох чиглэлээр 4 зорилт дэвшүүлж 96 хувийн биелэлттэй;
Орхон сум Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулан иргэдтэй сургалт зохион байгуулах, обьектийн болон ой, хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжтэй болох, гамшгаас хамгаалах санг нэмэгдүүлж, гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр 3 зорилт дэвшүүлж 100 хувийн биелэлттэй;
Хутаг-Өндөр сум Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн сирень дохиотой болох, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааг зохион байгуулах, гамшиг, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөлийг арилгах ажлыг сайжруулж, гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр 4 зорилт дэвшүүлж 93 хувийн биелэлттэй;
Хишиг-Өндөр сум зарлан мэдээллийн сирень дохиотой болох, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааг зохион байгуулах чиглэлээр 2 зорилт дэвшүүлж 100 хувийн биелэлттэй;
-Зохион байгуулсан сургалт, дадлага. Могод суманд 2015 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Болзошгүй гамшгийн үед нутгийн удирдлагын үйл ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж 76 албан хаагч, 10 нэгж техник оролцож “Хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн.
Хутаг-Өндөр суманд 2015 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Болзошгүй гамшгийн үед нутгийн удирдлагын үйл ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж 79 албан хаагч, 10 нэгж техник оролцож “Дүүрэн хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраас 16 сумын Удирдах албан тушаалтанд 200 цагийн сургалт явуулахаас 36 цагийн сургалт зохион байгуулан 383 хүн хамрагдаж биелэлт 18 хувь, Мэргэжлийн ангид 224 цагийн сургалт дадлага явуулахаас 66 цагийн сургалт зохион байгуулан 1470 хүн хамрагдаж биелэлт 29 хувь, Оюутан, сурагчдын сургалтаар 32 цагийн Лекц, семинар, дадлага явуулахаас 35 цагийн сургалт зохион байгуулан 1264 хүн хамрагдаж 100 хувь, Ажилтны сургалтаар 27 цагийн харилцан яриа, дадлага явуулахаас 78 цагийн сургалт зохион байгуулж 911 хүн хамрагдаж 100 хувь, Ард иргэдийн сургалтаар 16 цагийн Лекц семинар явуулахаас 146 цаг сургалт зохион байгуулж 1151 хүн хамрагдаж 100 хувь, нийт 148 удаа, 5430 хүнийг хамруулан 485 цагийн гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулсан байна.
-Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал: Үзлэг шалгалтад тус аймгийн 9 сумын мэргэжлийн ангийн 684 хүн, гамшгаас хамгаалах 14 алба, 31 мэргэжлийн ангийн 478 хүн, нийт 1162 хүн, 111 техник хэрэгсэл, 25 нэр төрлийн 1238 багаж хэрэгсэл хамрагдсан бөгөөд Эрүүл мэндийн алба, Мэргэжлийн хяналтын алба, Булган сумын Мэргэжлийн ангийн албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал сайн байсан.
Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар шаардлагатай заавар, зөвлөмжийг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах болон томилгоот бүрэлдэхүүнд тухай бүр өгсөн болно.
Үзлэг, шалгалтад хамрагдсан сумдаас Булган, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын Засаг дарга ажлаа танилцуулсан бөгөөд Баяннуур сумын Засаг дарга өвчтэй байв.
Нөөц бүрдүүлэлт: Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 292 дүгээр тогтоолын дагуу аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд тус аймаг 1900 тонн өвс бэлтгэхээс 1408.0 тонн өвс бэлтгэж 74.1 хувь, тэжээл 530 тонн бэлтгэхээс 347.0 тонн бэлтгэж 65.5 хувь, бэлтгэсэн өвс, тэжээлийн дундаж 69.8 хувьтай, Баяннуур сум 100 тонн өвс бэлтгэж, тэжээл бэлтгээгүй, нийт 50 хувь, Булган сум 4500 тонн өвс, 40 тонн тэжээл бэлтгэж 100 хувь, Бугат сум 150 тонн өвс, 20 тонн тэжээл бэлтгэж 75 хувь, Бүрэгхангай сум 77 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэж 88.5 хувь, Гурванбулаг сум 70 тонн өвс, 20 тонн тэжээл бэлтгэж 60 хувь, Дашинчилэн сум 85 тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэж 55 хувь, Орхон сум 50 тонн өвс, 80 тонн тэжээл бэлтгэж 75 хувь, Хутаг-Өндөр сум 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэж 87.5 хувь, Хишиг-Өндөр сум 2500 тонн өвс, 190 тонн гар тэжээл бэлтгэж 100 хувийн биелэлттэй байна.
Нийт сум тэжээл бэлтгэх тал дээр дутагдалтай, шаардлагатай тоо, хэмжээндээ хүрэхгүй байв.
Хоёр: Үзлэг, шалгалтаар илэрсэн ололт, дутагдалтай тал
Үзлэг, шалгалтаар дараах нийтлэг ололт, дутагдалтай тал илрэв.
2.1. Ололттой тал:
Булган, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гамшгаас хамгаалах чиглэлээр зорилт дэвшүүлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан, гамшгаас хамгаалах албадыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/865 дугаар тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах орон нутгийн албаны ажиллах нийтлэг журам”-ын дагуу байгуулж шаардлагатай нөөцийг бүрдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсан, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх зохих бэлтгэлтэй, багаж хэрэгслээр хангагдсан, сумыг нүүлгэн шилжүүлэх газар орныг тогтоож, төлөвлөсөн, холбогдох тайлан мэдээг аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлж хэвшсэн байв.
2.2. Дутагдалтай тал:
Баяннуур, Бугат сум гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/170 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар”-т нийцүүлж боловсруулаагүй, шаардлагатай багаж хэрэгсэл, техник хангалтгүй, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг цуглуулах бүдүүвч зураглал байхгүй, хүн нэг бүрийн үүргэвчний бэлэн байдал хангалтгүй, мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулаагүй, нийт сумдад гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, иргэдтэй зохион байгуулах сургалт хангалтгүй байлаа.
Түүнчлэн Баяннуур, Бугат, Дашинчилэн, Орхон, Хишиг-Өндөр сум зарлан мэдээллийг “Сирень” дохио, автомашины дуут дохио, чанга яригч ашиглан дамжуулж байгаа нь сумын төвийн нийт нутаг дэвсгэр, оршин суугчдыг бүрэн хамарч чадахгүй (дуугаралт сул) байсан.
“Яаралтай цуглар” дохио өгөхөд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн богино хугацаанд цугларсан хэдий ч хүн нэг бүрийн үүргэвч дэх хүнс, дулаан хувцас хангалтгүй, радио, шүгэл, газын плитка зэрэг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай эд зүйлс дутагдалтай байв.
Мөн үзлэг, шалгалтад хамрагдсан нийт сум, ялангуяа цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг зэрэг онцгой обьектын гал түймэр унтраах төлөвлөгөө байхгүй, ашиглах багаж хэрэгсэл дутагдалтай, гал унтраах бүлгийн техник хэрэгслийн бэлэн байдал (дулаан байр) хангалтгүй, дадлага сургуулийг тогтмол зохион байгуулаагүй байна.
Гурав. Дүгнэлт
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулах, бэлтгэлийг хангах талаар аймгийн Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын газар ач холбогдол өгч тусгай төлөвлөгөө гарган, хөрөнгө зарцуулж тодорхой үр дүнд хүрсэн байна.
Булган аймгийн нийт сумын 60 хувь буюу 9 сум, аймгийн гамшгаас хамгаалах 14 алба, 31 мэргэжлийн ангийн 1162 хүн, 111 техник, 25 төрлийн 1238 багаж хэрэгслийг үзлэгт хамруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшинг үнэлэхэд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд болон Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сум “Дүүрэн хангалттай”, Баяннуур, Бугат, Гурванбулаг, Орхон сумд “Хангалттай” үнэлгээ авч, аймгийн ерөнхий дүн 84 буюу “ Дүүрэн хангалттай” гэж үнэлэгдэв.
2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нууранд живсэн ачааны автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргах ажиллагааг гүйцэтгэж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчдын үйл ажиллагаатай ажлын хэсгийн ахлагч, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр, Баян-Агт сумын Засаг дарга Ц.Эрдэнэбилэг нар танилцсан болно.
Дөрөв. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал
Цаашид аймаг, сумын хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах талаар дараах зүйлийг анхаарч, хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Үүнд:
-Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, ”Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам” болон гамшгаас хамгаалах чиглэлээр гаргасан дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
-Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/170 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний шинэчилсэн загвар”-т нийцүүлж гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тооцоо судалгаатай, аймаг, сумын онцлог (байгаль цаг уур, гамшгийн нөхцөл байдал, давтамж, эрсдэл)-ийг харгалзсан, хэрэгжих үндэслэлтэй, бодитой боловсруулж иргэд, олон нийтэд нээлттэй болгох;
-томоохон аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх;
-обьектын гал түймэр гарсан үед сумын аврах бүлгийн ажиллах үлгэрчилсэн журам, төлөвлөгөө боловсруулж, дадлага сургуулийг тогтмол хийж хэвших, шаардлагатай багаж хэрэгслээр хангах;
-зарлан мэдээллийн зориулалттай дуут дохионы хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, дадлага сургуулийг тогтмолжуулах;
-“Багц мессеж”-ээр тухайн орон нутагт гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, цаг агаарын мэдээг хугацаа алдахгүйгээр богино хугацаанд дамжуулахад шаардагдах санхүүжилтийг 2016 оны төсөвт тусган үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах;
-эмнэлгийн алсын дуудлагын болон бусад тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын шуурхай ажлын автомашиныг холбооны хэрэгслээр тоноглох;
-сумдад аврах гал унтраах багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж хадгалах дулаан байрыг бий болгох;
-аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 92.5 хувийн биелэлттэй байгаа боловч үзлэгт хамрагдсан сумд нийтдээ малын тэжээл бэлтгэх тал дээр дутагдалтай, шаардлагатай тоо, хэмжээндээ хүрэхгүй байгааг анхаарах.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтын дүнг хавсаргав.