Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Ихэнх нутгаар хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндий, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 13-18 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос 5-10 м/с.  Хүйтний эрч чангарч 26-28 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг болон Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 51 км замыг туулан 03:50 цагт очиж, 9х18 метрийн хэмжээтэй цагдаагийн байр шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай багийн 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн шал, тааз, өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар мэргэний-Ам” гэдэг газар /Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Орхон сумаас зүүн хойд зүгт 80 км-т, Орхон аймгийн төвөөс баруун урд зүгт 9 км-т/ гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:52 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 09:05 цагт очиж, иргэн Т-ийн 20х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хана, тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут, хүч нэмэгдүүлж 09:12 цагт тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 09:30 цагт очиж, 54 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:38 цагт очиж, иргэн А-ын 2 давхар 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр яндангийн цонолтын улмаас шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Ц-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс иргэн Ц /46 настай, эрэгтэй, ярианы бэрхшээлтэй/, Д /41 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/, М /14 настай, эмэгтэй/, У /10 настай, эмэгтэй/, П/7 настай, эмэгтэй/, А/2 настай, эрэгтэй/ нарыг гаргасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн Ононгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, цагдаагийн байгууллагын алба хаагчид 2 км замыг туулан 18:39 цагт очиж, иргэн Н-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хана, тааз, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Н /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:53 цагт очиж, иргэн Э-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 03:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:22 цагт очиж, иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Мандалын нуга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 01.05-ны өдрийн 18:00 цагийн орчим автомашинтай 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг дуудлагыг 01.05-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид аймгийн Хэрлэн сумаас Батноров сумын чиглэлд иргэн М-ын жолоодож явсан “Портер 2” загварын бага оврын ачааны автомашинтай А /50 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг 01.06-ны өдрийн 05:30 цагт эхлүүлсэн.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Гозгор цахирт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км-т/ 01.05-ны өдрийн 20:00 цагийн орчим мотоциклтой 1 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн 01.06-ны өдрийн 02:45 цагаас малчин Ц /28 настай, эрэгтэй/-г сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top