Б.Үнэнмөнх: 128 хүний амь аварч, хүндэт шагнал хүртлээ

d108a64fe7395e5dc30ef387c79c24af.jpg

Б.Бадралмаа

Хуучин он солигдож, шинэ оноо угтахад цөөн хоног үлджээ. Жил бүрийн өдийд үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнуудаа шагнан урамшуулдаг уламжлалтай. Хэдий энэ жил  цар тахлын амаргүй цаг хугацааг өнгөрүүлж буй ч бусдыгаа манлайлан ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үйлчилгээний байгууллагын шилдэг ажилчдад ажил үүргээ гүйцэтгэж байхад нь шагналыг нь гардуулсан юм. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Батбаярын Үнэнмөнх энэ жил салбараа төлөөлж шилдэг ажилтнаар шалгарсан. Мөн тэрбээр ОБЕГ-ын шилдэг ажилтан болоод байгаа юм. Түүнийг шагналаа гардаад удаагүй байхад нь баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

-Бусдыгаа манлайлан энэ оны онцлох ажилтан болсонд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?  

-Баярлалаа. Хийж бүтээсэн ажил, хөдөлмөрийг минь үнэлж, шагнаж урамшуулсанд маш их баяртай байна. Энэ оны хийсэн ажлаа дүгнүүлж, тодорхойлтоо арванхоёрдугаар сарын 15-нд Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн юм. Олон алба хаагчаас би шалгарч, өнөөдөр /2020.12.28/ шагналаа гардаж авлаа. Нийслэлд бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэн ажиллаж, завгүй өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

-Та онцгой байдлын албанд хэчнээн жил ажиллаж байна вэ?  

-Би 1997-2012 он хүртэл Зэвсэгт хүчний 122 дугаар ангид аврагчаар ажилласан. Ингээд 2012 онд Нийслэлийн аврах 105 дугаар ангид шилжиж, 24 дэх жилдээ аврагчаар ажиллаж байна. Би анх дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан юм. Багаасаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй байлаа. Аав минь  цэргийн хүн байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн болов уу гэж боддог. Аврагч гэх мэргэжил нь хүний амь, эрүүл мэндийг хамгаалахаас гадна хариуцлагатай, ур, чадвар, авхаалж самбаа шаардсан ажил. Мөн тэсвэр, тэвчээр шаардана. Долоо, 14 хоног, заримдаа бүр хэдэн сараар ч дайчилгаанд явах үе бий. Энэ бүхэнд эхнэр минь хүүхдүүдээ асраад хүлээж байна шүү дээ.  

-Ам бүл хэдүүлээ вэ. Баярын мэдээгээ дуулгаж амжсан уу?   -Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байна. Баярын мэдээгээ дуулгасан. Ихэд баярлаж байгаа. Ах, дүү, төрөл садан, найз нөхөд маань баярын мэндчилгээ илгээсээр байна.

  -Та шагнал авах гэж буйгаа чухам хэзээ мэдсэн бэ. Гэр бүлдээ түрээслээд өмчлөх байрны эрх авсан тухайгаа хэлсэн үү. Хэрхэн хүлээж авав?  

-Хотын даргыг өөрийн биеэр ирж, ажил үүргээ гүйцэтгэж байхад минь шагнал гардуулна гэж санасангүй. Маш их баярлаж, тулгамддаг юм байна. Би 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаандаюулт үзэгдэл, гамшиг ослын дуудлагад 80 удаа ээлжийн үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ хугацаандаа 128 хүний амь аварч, ослын голомтоос дөрвөн хүнийг гарган дараагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Жилийн хугацаанд 128 хүний амь авран хамгаалсан гэж байна. Богино хугацаанд түргэн, шуурхай, авхаалж самбаатай ажиллах нь аврагч хүний ур чадвараас шалтгаалдаг байх. Хамгийн сэтгэлд үлдсэн аврах ажиллагааныхаа талаар ярихгүй юу?  

-Би хамгийн сүүлд 2019 оны намар Аргүнтэд автобус осолдож, олон хүн эрсдэлд орсон байсныг аварсан. Уг автобусанд 43 зорчигч байсан юм. Үүнээс 36 хүний амь аварч, долоон хүнийг ослын газраас гаргаж, дараагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэ бол маш хүнд үүрэг даалгавар байсан.

  -Та амьдралынхаа 24 жилийг хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ажилд зориулжээ. Энэ мэргэжлийн үнэ цэн, сайхныг тодорхойлж хэлбэл?  

-Аль болох хамгийн эрсдэлгүй, аюулгүйгээр хүний амийг авран хамгаалах ёстой. Олон хүний сэтгэлийн үг, талархлыг хүлээдэг учраас энэ мэргэжилдээ хайртай. Сүүлийн үед иргэд аврагч нарыг иргэд маш ойлгодог болсон байна. Бид янз бүрийн дуудлага дээр очно. Энэ бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.  

-Та энэ жил ОБЕГ-ын Шилдэг аврагч гэх шагналыг хүртсэн гэсэн үү?  

-Тиймээ. Урьд нь Онцгой байдлын албаны нэг, хоёр, гуравдугаар зэргийн шагнал хүртэж, нийслэлийн Тэргүүний ажилтан, цол тэмдгээр шагнагдаж байлаа. Мөн 2017 онд Цэргийн хүндэт медаль, “Дайчин алдар III” зэрэг цол, тэмдэг хүртсэн. Миний авсан шагнал бүрийн минь ард хамтран зүтгэсэн нөхөд, удирдлагуудын дэмжлэг байдаг. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн хамт олон, ангийн захирагч дэд хурандаа Ш.Мэндсайхан нартаа талархал илэрхийлье. Аврагч хүний гавьяа үргэлж үнэлэгдэж, хийсэн бүтээсэн нь үүрд мандан бадрах болтугай.

Эх сурвалж: ergelt.mn 2021-01-02

scroll to top