Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр аймгийн нутгаар цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос 5-10 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-ний өдөр Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 10-н ий өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-ний өдөр Алтайн салбар уулсаар, 11, 12-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 08:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 08:13 цагт очиход иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3х5 метрийн хэмжээтэй өрөө тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Улиастайн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан 14:40 цагт очиход иргэн Б-ийн 8×8 хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 3 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:57 цагт очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 00:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:42 цагт очиж, иргэн Ч-ын 8×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж 4 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Дэнгийн гурван цохио” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ Тус сумын харьяат малчин Ө-ийн гэр, суудлын автомашин 01.07-ны өдрийн 18:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Наран багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж нөхцөл байдалтай танилцахад малчин Ө-ийн 4 ханатай гэр, “Старекс” загварын суудлын автомашин тус тус шатсан байсан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Үзүүр улаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т, Ө-43°03’36”, У-107°22’12″/ 01.07-ны өдрийн 21:12 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:29 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн ослын хариу үзүүлэх багийн хяналтын ахлах мэргэжилтэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн задгай /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн А нь 01.06-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баяндэлгэр сумын нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн 01.07-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт иргэн А /25 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ын цогцсыг тус сумын 3 дугаар багийн “Бөөгийн-Овоо” газар /гэрээс нь 11 км-ын зайтай/-аас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Зуунмод сумын Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын 1 дүгээр уурын зуух Овоолгоотой нүүрс нурж 1 хүн дарагдсан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 11:27 цагт очиход тус уурын зуухны галч Б/45 настай, эрэгтэй/ овоолгоотой нүүрсэнд /3 метрийн гүнд/ дарагдсан байсныг 11:43 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top