Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 8-13 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсч 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 8 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 09:54 цагт очиж, иргэн М-ийн “Экс-трайл” загварын автомашины хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 68 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 10:31 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 10:43 цагт очиж, иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 01.11-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:32 цагт очиход иргэн У-ийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 44 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:15 цагт очиж, иргэн Б-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Япон цэрэг”-ийн цогцолборын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 23:42 цагт очиж, иргэн Д-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа 01.11-ний өдрийн 23:40 цагийн орчим санаатайгаар шатаасан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан. Уг гал түймэрт малчин Б /46 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч 01.12-ны өдрийн 02:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол болж автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.11-ний өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 00:14 цагт очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн О /33 настай, эрэгтэй/,О /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, хүлээлгэн өгсөн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top