Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал:14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14, 17-нд говь, талын нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Задгай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 08:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 08:56 цагт очиход иргэн Б-ийн “Хино” загварын автомашины хойд дугуй шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 09:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 09:35 цагт очиход иргэн А-ийн 7×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчид 3 км зам туулан 12:04 цагт очиход иргэн Б-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н 9 дүгээр гудамжинд байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 13:41 цагт очиход иргэн Э-ын 6×4 метрийн хэмжээтэй байшин, иргэн Э-ын 5 хнатай гэр тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 22:33 цагт очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Баруунбаян-Уул”-ын 16 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 09:25 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 09:30 цагт очиход иргэн Г-ийн “Портер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус аймгийн бүх сумдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй, Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Давтан 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, хүчтэй хөдлөлт болсон. 01.12-ны өдрийн 09:10 цагт 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт болсон бөгөөд 23:00 цагийн байдлаар Тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат, Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.   

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 58 дугаар байр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа тул хаалга онгойлгох тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 01.12-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 9 км зам туулан очиход тус байрны иргэн Т/54 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. 

5.Мэдээлэл:

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Түнгэт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 120 км-т/ 01.12-ны өдрийн 02:00 цагт салхины хурд 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр нурж унасан. Тус сумын харьяат малчин Б-ийн 8 ханатай гэр, мөн сумын Өндөр мод багийн “Мөстийн хар бэлчир” гэдэг газар малчин Ц-ийн 8 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг 14:05 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top