1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дундговь, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 16-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 16, 17, 18-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 17, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 10:28 цагт очиход иргэн Э-ын “Соната-6” загварын суудлын автомашин гэрэлтүүлгийн шон мөргөж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 2 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:01 цагт очиход иргэн Ц-ийн 5х10 метрийн хэмжээтэй ”Цаст” хүнсний дэлгүүрийн 2х5 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Холбоо толгойн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15:43 цагт очиход иргэн Д-ын 10×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х6 метрийн хэмжээтэй гараашийн хана, тааз, “Соната 5” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1А гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 23:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:48 цагт очиход иргэн А-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Хөөвөр 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 01:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид1.5 км замыг туулан 01:41 цагт очиж, иргэн С-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 02:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:56 цагт очиход иргэн Б-ийн Лексус RX-450 загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Хурд” тавилгын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:46 цагт очиход тус үйлдвэрийн барилгын таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 308 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, 01.14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан. Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 01.14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоносон.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Д /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байсан тул иргэн Д-ийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Ногоон тугийн дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ автомашин нь эвдэрч, 2 хүн осгох гэж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 05:50 цагт тус аймгийн Цагаанхайрхан сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан “Сузуки Кэи” загварын дунд оврын ачааны автомашин /1 зорчигчтой/ нь эвдэрсэн байсан тул автомашиныг үлдээж, иргэн Б /32 настай, эрэгтэй/, М/32 настай, эрэгтэй/ нарыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР