Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа.
Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн асуудлууд, улсын нөөцөөс үнэгүй болон үнэ хямдруулан олгох өвс, тэжээлийн тухай Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал танилцуулсан. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн 16 аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Улсын онцгой комисст ирүүлэхийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
Мөн Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 2011-2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт даалгав.