1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны “Алтай”-н 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 11:25 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Портер” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Задгай”-д дулааны шугамын худагт автомашины дугуй шатаж байна гэсэн 01.16-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 11:16 цагт очиход автомашины 4 дугуй шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян- Уул”-ын 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 13:05 цагт очиход иргэн Ц-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:05 цагт очиход иргэн Г-ын 15х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны “Хангай”-н 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 22:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 22:11 цагт очиход иргэн С-ийн 8×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодой”-н зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 02:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 02:11 цагт очиход иргэн Г-ийн 8×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Рашаант”-ын 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 04:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 04:36 цагт очиход иргэн Б-ийн 10×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Бэлх”-ийн 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 23:34 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 13.5 км зам туулан 23:47 цагт очиход иргэн Т-ийн 12×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар 01.16-ны өдрийн 18:48 цагт 3.5 магнитудын хүчтэй хөдлөлт болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 01.15-ны өдрийн 22:05 цагт “Хар-Ус” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөс цөмөрсний улмаас живж жолооч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 01.16-ны өдрийн 13:30 цагт Дөргөн сумын чиглэлд явж 15:50 цагт очиход тус сумын харьяат иргэн С-ийн “Бонго Жи-3” загварын автомашин мөс цөмөрч усанд живсэн байсныг 20:00 цагт уснаас татан гаргасан.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн “Ловон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ 01.15-ны өдрийн 13:00 цагт 1 иргэн гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.16-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан иргэд тус сумын харьяат иргэн Т/54 настай, эмэгтэй/ нь хүүхэдтэйгээ муудалцсны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:40 цагт Буурал багийн “Бор-Үзүүр” гэдэг газар (гэрээс нь зүүн зүгт 40 км)-аас иргэн Ү-ийн гэрээс эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР