Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Дархадын хотгор болон Идэр, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-ний өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-ны өдөр Алтайн салбар уулсаар, 24-ний өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цех тос халаагч загварын төхөөрөмжид гал гарч байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж, 36 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Алютех” ХХК агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:25 цагт очиж, 7х12 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 62 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:44 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн “Хайлааст-Үүд” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 6 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 14:51 цагт очиж, иргэн Г-ын 4×4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:33 цагт очиж, иргэн У-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т/ 01.19-ний өдрийн 12:49 цагт 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн “Өвөр наймган” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 01.18-ны өдрийн 15:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 07:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.19-ний өдрийн 12:45 цагт “Өвөр наймган” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/ -аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top