1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 7-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 21:12 цагт очиход иргэн Б-ийн чингэлэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн “Хөх-Оройн гозгор хар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/01.20-ны өдрийн 11:30 цагт автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Д-ын “Пажеро” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 13:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Хар-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/01.20 -ны өдрийн 06:00 цагт малчин айлын гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан бөгөөд иргэн Б /67 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т/ 01.20-ны өдрийн 08:57 цагт, 09:29 цагт 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нисэх”-ийн 40 дүгээр байр 9 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхарын тагтаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 20:37 цагт очиход тус байрны иргэн М /17 настай, эмэгтэй/ унаж гэмтсэн байсан тул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР