Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 27-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 14:24 цагт очиж “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн хашаанд 9х7 метрийн хэмжээтэй харуулын байрны дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсанДавтан хөдлөлт: 01.22-ны өдөр тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газрын орчим /сумын төвөөс баруун урд зүгт 32 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км/-т 09:18 цагт 3.9 магнитуд, 23:36 цагт 3.6 магнитуд, 03:43 цагт 4.2 магнитуд, 04:45 цагт 4 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/А дугаар байр 8 давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 01:36 цагт /02:43 цагт/ хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б /21 настай, эрэгтэй/ гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулган Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top