Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 28-наас өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 08:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан 09:30 цагт очиход малчин Б-ын 10х12 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 15:01 цагт очиход иргэн А-ийн 8×10 хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 26 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.7 км зам туулан 16.34 цагт очиход иргэн Г-ын хашаанд 2.5 тонн өвс шатаж байсныг 1 цаг 27 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн “Шар булагтай” гэдэг  газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 23:38 цагт хүлээн авсан.   Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38.5 км зам туулан 00:34 цагт очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 13 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 04:03 цагт хүлээн авсан.  Тус сумын аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид  2 км зам туулан 04:06 цагт очиход иргэн Д-ийн 5х6 метрийн хэмжээтэй граж, “Королла” загварын суудлын автомашин, “Портер” загварын автомашин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Галт сумын Галт багийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 22:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 23:03 цагт очиход иргэн Б-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 28 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т/ 01.24-ний өдрийн 12:01 цагт 3.6 магнитуд, 01.25-ны өдприйн 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top