1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2 дугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:02 цагт очиход “Соёл амралтын хүрээлэн”-гийн харуулын 2х3 метрийн хэмжээтэй байр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 10:21 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:27 цагт очиход иргэн Х-ын 4×4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн 8 дугаар гудамжинд байшин 01.28-ны өдрийн 12:50 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ын 9х6 метрийн хэмжээтэй, 7х6 метрийн хэмжээтэй байшин шатсан мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 13:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны “Мон-Лаа”-гийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:52 цагт очиход иргэн Ж-ийн 8×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 02:48 цагт очиход иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Улаан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т, Ө-51°28’12.0″, У-100°19’12.0″/ 01.28-ны өдрийн 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хөвсгөл аймаг, Ханх сум
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Бэрх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-51°25’48.0″, У-100°21’00.0″/ 01.28-ны өдрийн 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, Ө-51°15’00.0″, У-100°21’00.0″/ 01.28-ны өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Булган сумын Булган багийн “Хөх гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 320 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ 4 хүн мал тууж явсанаас 1 хүн нь 01.27-ны өдрийн 05:00 цагт сураггүй болсон тухай дуудлагыг 01.28-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 320 км зам туулан 20:15 цагт очиход тус сумын харьяат 4 иргэн Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Баян-Өлгий аймгийн Булган сумын чиглэлд мал тууж яваад иргэн А /18 настай, эрэгтэй/ сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:30 цагт тус багийн Мандшийн хавтгай гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 55 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР