Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Найрамдлын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 2 км замыг туулан 08:30 цагт очиж, иргэн Т-ийн 8х10 метрийн хэмжээтэй модон байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:00 цагт очиход иргэн Б-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшинд буйдан шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:36 цагт очиход иргэн Э-ын 16х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:19 цагт очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /60 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top