Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр, 7-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 6-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, 9-ны өдөр Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 64 км-т/ “Таван толгой” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомтын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 54 км замыг туулан 21:40 цагт очиж, “Мөнх зоригт транс” ХХК-ийн “Норд бенз ND4250” загварын зүтгүүр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 11/А байр 8 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:11 цагт очиж, тус байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт цахилгааны босоо сувагчлалд цахилгааны утас, эд зүйлс болон 6 дугаар давхраас 12 дугаар давхар хүртэлх цахилгааны утас байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 54 хүнийг аюулгүй газарт гаргаж, амь насыг нь авран хамгаалсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2/А дугаар хэсгийн Баатархайрханд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 21:10 цагт очиж, тус тоотод иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 00:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:19 цагт очиход иргэн Г-ын 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 26 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 317 км-т, Ө-51°29’24”, У-100°09”36”/ 02.05-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 04:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 333 км-т, Ө-51°25’48”, У-100°24”36”/ 02.05-ны өдрийн 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байр 10 дугаар давхрын цонхоор хүн унасан тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 3 км замыг туулан 22:30 цагт очиход тус байрн иргэн Д /23 настай, эмэгтэй/ 10 дугаар давхар дахь гэрийнхээ цонхоор унаж 6 дугаар давхрын өргөтгөлийн дээвэр дээр хөлөөрөө цөмөрч зоогдсон байсныг гаргаж, нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top