Өчигдөр /2021.02.04/ Баянгол дүүргийн I хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхрын кабел холбооны утаснаас гал гарч, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг шуурхай унтрааж, галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэнийг гаргаж, нийт 66 иргэнийг авран хамгаалсан юм.
Уг гал унтраах, аврах ажиллагаанд ажилласан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг олон нийтийн сүлжээнд энэ долоо хоногийн баатрууд хэмээн онцолж байна.
Тэр дундаа бага насны хүүхэд болон өндөр настай иргэнийг орон сууцнаас өргөөд гаргаж буй Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч Н.Махгалын зургууд цахим орчинд эерэг давалгааг үүсгээд байгаа юм.
Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР