Өчигдөр /2021.02.04/ Баянгол дүүргийн I хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхрын кабел холбооны утасны босоо сувагчлал масс өгснөөс гал гарсан билээ. Улмаар Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэн нийт 66 иргэнийг авран хамгаалсан тухай бид мэдээлсэн.
Тус аврах ажиллагааны үеэр бага насны хүүхэд болон өндөр настай иргэнийг өргөөд гаргаж буй нэгэн гал сөнөөгчийн зураг цахим орчинд эерэг давалгааг үүсгээд буй. Бид тухайн албан хаагчтай холбогдож, ярилцлаа.
-ГАЛЫН ГОЛОМТОТ ОЧИХОД АЛБА ХААГЧИД АВРАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД ЭХЭЛСЭН БАЙСАН-
-Сайн байна уу. Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Найдангийн Махбал гэдэг. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах Аврах 10-р ангид үүрэг гүйцэтгэдэг. Ахлагч цолтой.
-Албандаа зүтгээд хэдэн жил болж байгаа вэ?
-Албандаа зургаа дахь жилдээ ажиллаж байна.
–Өчигдөр галын дуудлага аваад галын голомтот очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Анги дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхад яаралтай дуудлага ирж, галын голомтот очиход алба хаагчид аврах ажиллагаа явуулаад эхэлсэн байсан.
-Таны бага насны хүүхэд өлгийнд тэвэрч, өндөр настныг үүрээд байрнаас гарч буй зураг цахим ертөнцөд их түгээд байна. Тухайн үед юу болсон бэ?
-Яг ямар, хэдэн зураг авсан байсныг би хараагүй. Алба хаагчид тус байрны 12 давхар руу гарч, айлын гэрээс дөрвөн хүүхдийг нэг нэгээр нь гаргаж, ээжид нь хүлээлгэж өгсөн. Ээж нь орцны гадна хүлээгээд зогсож байсан.
-МИНИЙ ТЭВЭРЧ ГАРСАН ХҮҮХЭД 3-4 САРТАЙ ГЭМЭЭР ЖААХАН ХҮҮХЭД БАЙСАН-
-Хүүхдүүд харгалзах том хүнгүй, гэртээ дөрвүүлээ байсан уу?
-Тийм ээ. Том хүн байгаагүй. Нарийн зүйлсийг сайн мэдэхгүй юм. Миний тэвэрч гарсан хүүхэд 3-4 сартай гэмээр жаахан хүүхэд байсан. Хүүхдүүдийн насыг сайн мэдэхгүй байна.
-Хүүхдүүд байсан орчин эрсдэлтэй байв уу, хэр утаажилттай байсан бэ?
-Орцонд хар утаа суунаглаж байсан. Гэр рүү ч гэсэн утаажилт үүсээд эхэлсэн байсан л даа. Тэгээд л гартаа тааралдсан хөнжлөөр хүүхдийг ороогоод тэврээд гарсан.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа тухай сонссон уу?
-Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа гэж сонссон.
–Таны өндөр настныг үүрээд гарч буй зураг бас байсан. Хэдэн давхраас ямар нөхцөлд байхад нь аварсан бэ?
-Тийм ээ. 12 давхарт байсан хөл муутай эмээг үүрээд буулгасан. Биеийн байдал нь хэвийн байгаа гэж сонссон.
-ХҮНИЙ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛДАГ УЧРААС АЛБААРАА БАХАРХДАГ ДАА-
-Галын эрсдэлд буй өндөр настан, бага насны хүүхдүүдийг авран хамгаалахдаа айж, балмагдсан уу?
-Бидний ажил сэтгэлийн тэнхээтэй, сандрал багатай байхыг шаарддаг. Утаажилт ихтэй байсан учир бага зэрэг хүндрэлтэй байсан.
-Таны хувьд албан үүргээ гүйцэтгэж байхдаа угаартаж байв уу?
-Ер нь гайгүй шүү. Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй байдаг. Утаажилтын бүс рүү тэрийгээ зүүгээд ордог юм.
-Ажил албаараа бахархсан нь лавтай?
-Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг учраас албаараа бахархдаг даа. Энэ нь ганц миний бус нийт алба хаагчид, хамт олны маань хүч хөдөлмөр юм. Манайх ууган анги гэж явдаг. Төв гал командад ажилладагтаа баярлаж, бахархдаг. Бидний ажил бол дандаа л хамтын хөдөлмөр байдаг.
–Албаа гүйцэтгэж явахдаа хэд орчим хүнийг авран хамгаалсан бэ?
-Тэрийг сайн хэлж мэдэхгүй юм. Зөндөө л олон болсон байх шүү.
-Нууц биш бол та гэр бүл, хүүхэдтэй юу?
-Тийм ээ. Би эхнэртэйгээ хоёулаа амьдардаг.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.eguur.mn