Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 11-ээс шилжинэ. Энэ үеэр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулахтай холбогдуулан УОК-ын дарга , Шадар сайд С. Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийж, энэ хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.
Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэх юм.
Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Мөн нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ.
Энэ үеэр удирдлагууд бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэл, хорио цээрийн үед гудамж талбайн хэв журмыг сахиулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн нийслэлд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэдийг ч энэхүү шинжилгээнд заавал хамруулах бөгөөд, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, бага насны хүүхэд асаргаа хамгаалалтгүй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.