Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжинд засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 07:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:30 цагт очиж иргэн Х-ийн 15х10 метрийн хэмжээтэй “Ихэрлэн” авто сэлбэгийн дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 10:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 47 км замыг туулан 10:40 цагт очиж иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн “Мандал” 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:21 цагт очиж иргэн Б-ын 15х6 метрийн хэмжээтэй “Цуйван хаус” цайны газрын 5х6 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор /аймгийн төвөөс баруун хойд зүгт 311 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т, Ө-51°15’00”, У-100°22’12″/02.07-ны өдрийн 13:50 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 14:08 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын Засаг даргаас мэдээллийг тодруулахад иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянтэрэм” 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/-т Малчин Ш нь эхнэр, 2 хүүхдийн хамт автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.07-ны өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын цагдаагийн хэсгээс алба хаагчид иргэн Ш /44 настай, эрэгтэй/ 02.07-ны өдрийн 15:10 цагийн үед Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд эхнэр, 2 хүүхдийн хамт “Ланд круйзер-100” загварын автомашинтай гараад сураггүй болсон тул 02.08-ны өдрийн 02:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top