ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТАЙЛАН

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа.          

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймагт, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймагт тус тус ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын онцгой комиссын Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яам, Зам тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцсон.

Аймаг, орон нутагт ажиллах үеэрээ аймгуудын Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилт хүндэрсэн зарим сумын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан малчин айл өрхөөр орж, улсын нөөцийн цэг, салбарын үйл ажиллагаа, дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцуудын бэлтгэл бэлэн байдал, отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, хаагдсан зам, давааг нээх, цэвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлыг шалгаж, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолын дагуу аймгуудын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, отроор өвөлжиж байгаа болон алслагдмал нутагт амьдарч байгаа жирэмсэн эх, 0-5 насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргаж, төрөх дөхсөн эмэгтэйчүүдийг төв, суурин газарт байршуулан, эх, нярайн эндэгдэлгүй байна.

Өвс, тэжээлийн хувьд өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Булган, Завхан, Увс зэрэг аймгууд нөөц бололцоогоо дайчлан зохих хэмжээнд нөөцөлсөн ч цас их орсноор өвс, тэжээлийг нэмж байршуулах шаардлагатай.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх болсон гол шалтгаан нь зун гантай байсан, өвс, ногооны болц удааширч, газрын гарц муу байснаас ургац муу авсан, бэлчээрийн даац хэтэрсэн, зарим аймагт 10 сард бороо, үргэлжлүүлэн цас орж, эргэж дулаарснаас цас хайлж мөсөн ул тогтсон, хөрсөн дээр болон агаарт олон хоног хүйтэрсэн нь нөлөөлжээ. (Завхан аймагт хөрсөн дээр -50 градус, агаарт -30-35 градус хүйтэн)

DZUD-2015jijig

Аймгуудад ажиллах үеэр дараах тулгамдсан асуудлууд нийтлэг тохиолдож байв.

-Аймгуудын зарим суманд эрүүл мэнд, түргэн тусламж, шуурхай албаны үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх автомашингүйгээс онцгой байдал, цагдаа, эмнэлэг, цаг уурын байгууллагынхан Засаг даргын тамгын газрын автомашиныг гуйх, албан хаагчдынхаа машиныг дайчлан дуудлаганд явж байна. Газар зүйн өвөрмөц тогтоцтой, уулархаг, бартаа саад ихтэй замтай баруун аймгуудын зарим сумын иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хүргэхэд  автомашингүй учраас ихээхэн хүндрэл учирч байна.

-Завхан, Ховд, Хөвсгөл аймгуудад төсөв мөнгөгүйгээс албан байгууллага шатахуун түгээх станцуудын хооронд өр, авлага үүссэн тохиолдол гарсан.

-Малчдын гар дээр бэлэн мөнгө хомс байгаа тул нэгдсэн бодлогоор мал, мах худалдаалах асуудлыг зохицуулж өгөхийг хүсч байна. (Говь-Алтай, Завхан аймагт хонины мах 1 кг нь 2500, ямааны мах 1 кг нь 1900 төгрөгийн үнэ хүрсэн)

-“АЗЗА” компаниудын зам засварын ажлын өр, авлагын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа. Тухайлбал, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК одоогийн байдлаар засвар арчлалтын ажлын гүйцэтгэлийн хөлс нийт 183,0 сая төгрөгөө аваагүй байна. Мөн байгууллага хооронд шатахуун, нийгмийн даатгал, татвар зэрэг 114,0 сая төгрөгийн өр үүсчээ. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам тээврийн яаманд хандсан, 11 сараас хойш ажилчид нь цалингаа аваагүй, цаашид нөхцөл байдал хүндэрсэн үед зам засварын  ажил гүйцэтгэх ажиллах хүчнийг дайчлахад хүндрэлтэй болсон.  Баян-Өлгий аймгийн хувьд зам арчлалтын “Жол” ХХК 80,0 сая төгрөгийн авлагатай байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтанд орсон олон улсын чанартай, тээврийн хэрэгсэл их зорчдог Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааг байнгын нээлттэй байлгах зорилгоор шуурхай ажлын хэсгийг байгуулан, 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллуулах асуудлыг Улсын онцгой комиссын зүгээс анхааралдаа авч, Зам тээврийн яамаар шийдвэрлүүлж өгөхийг хүссэн.

-Завхан аймгаас Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд оторлож байгаа малчдаас сумын удирдлагууд бэлчээрийн төлбөр гэж 1 бод малаас 800 төгрөг, 1 бог малаас 80 төгрөгийн малын хөлийн татвар нэхсэн нь отор нүүдэл хийж буй малчдад хүндрэл үүсгэсэн байна. Уг асуудлыг судлан үзэж, яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэхийг орон нутгийн хуулийн байгууллагад үүрэг болгов.

-Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын эрчим хүчний эх үүсвэр дэд станцуудын хоорондох кабель муудсан, засвар шинэчлэлт хийгдээгүйгээс цаг агаарын мэдээлэл дамжуулахад хүндрэл гарч, мэргэжилтнүүд нь өртөөгөө тойрч эргэх автомашингүй, шатахууны зардалгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байна.

-Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдал, цагдаагийн байгууллагын дарга, албан хаагчдын нийгмийн асуудал хүнд байна. Ялангуяа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар 1 сарын 250,000 төгрөгийн үнэтэй түрээсийн байранд гэр бүлээрээ амьдарч байгаа нь цаашид анхааралдаа авах асуудлын нэг болжээ.

-Завхан аймгийн Түдэвтэй суманд байрлах аймгийн аюулгүйн фондоор ашиглагдаж байгаа өвс, тэжээлийн агуулах саравчийг улсын нөөцийн зориулалтаар Засгийн газрын 2016-2020 онд шинээр батлагдах “Маш нууц” тогтоолд тусгах хүсэлтийг аймаг, орон нутгийн удирдлагууд удаа дараалан тавьж байна.

-Төсөв хэмнэх нэрээр Булган, Хөвсгөл зэрэг аймгуудад сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн 3 хүний орон тооны 1-ийг нь хассан тул цаашид энэ тал дээр анхаарч ажиллахыг дээрх аймгуудын Засаг дарга нарт анхаарууллаа.

-Зудтай болон зудархуу байгаа аймгуудын иргэд, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, малын бэлчээрлэлтэд хүндрэл бэрхшээл үүсч, малчдад өвс, тэжээлийн хомсдол бий болж байгаа нь цаашид өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж, малын хорогдол гарахад нөлөөлөх эрсдэлтэй байна. Зарим аймагт цас нягтарч хатуурсны улмаас бог малын хошуу, туруу зулгарч цус шүүрэх, шархалсан тохиолдол гарсан.

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар тогтоолд тусгагдсан хөрөнгийг 2015-2016 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад зарцуулагдах ёстойг аймгуудын Онцгой комисст анхааруулж, ялангуяа улсын нөөцөөс үнэгүй олгосон өвс, үнэ хямдруулсан тэжээлийг хуваарилан олгохдоо аймгуудын Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан, хатуу хяналт  тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Зудтай болон зудархуу байгаа аймгуудын өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад шаардагдах хөрөнгийн асуудлаар аймаг бүрийн Засаг дарга нартай нэг бүрчилэн уулзаж, санал авахад Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолд тусгагдсан хөрөнгө хурдан олгогдсон нөхцөлд гарч болзошгүй хүндрэлийг орон нутгийн хэмжээнд бүрэн шийдвэрлэхээ мэдэгдэж байв.

Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолд тусгагдсан малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үйл ажиллагаатай холбогдуулан гаргах нэмэлт зардлын хуваарилалтын төслийг илтгэх хуудасны хавсралтанд тусгасан.

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу гамшгийн эрсдэлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 16 аймгийн 50 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 120 сум “Цагаанаар зудархуу” байгааг илтгэн танилцуулж байна.

unelgee-page-001 unelgee-page-002 unelgee-page-003

scroll to top