Мэндчилгээ

Mendchilgee-A-darga.jpg

           

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян сар шинийн баярыг тохиолдуулан цахим мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран бид энэхүү цар тахлын эсрэг тэмцэж байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, нийт бие бүрэлдэхүүн, алба  хаагчдын хувьд ч золгон ирж буй төмөр үхэр жилдээ хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо биелүүлэн улс орныхоо амгалан тайван амьдрал, ард иргэдийнхээ эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно. Та бидний хамтын хичээл зүтгэл сайхан цагийг дөтлүүлэхийн учир сар шинийн баяраар айл хэсэхгүй, зочин урихгүй, цахим золголтыг эрхэмлэж, гэр гэртээ шинэлцгээе гэж нийт ард иргэд, монголчууд, ахмад буурлууддаа уриалж байна.

Угтан золгож буй үхэр жилдээ төр маань түвшин, түмэн олон маань эрүүл саруул, энх тунх байж, монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ирж буй төмөр үхэр жил бидэнд энх амгалан, эрүүл энх, аз жаргал авчрах болтугай” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top