Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай; Сэлэнгэ, Ховд, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 8-13 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд нутгийн хойд хэсгээр цас, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар 12-14 м/с, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Шар дов”-ын 7 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:50 цагт очиж, иргэн Б-ын улсын дугааргүй “Тоёота Марк-2” суудлын автомашины бүхээгт эд хогшил шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Ховд сумын Ачит багийн ”Усан хоол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/Гэр шатсан тухай мэдээллийг 12:05 цагт хүлээн авсан. Иргэн Б-ийн 6 ханатай гэр, 14 ишиг 02.10-ны өдрийн 05:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:06 цагт очиход иргэн Д-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:07 цагт очиход иргэн А-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:35 цагт очиход иргэн Б-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Ба /34 настай, эрэгтэй/-ийн нүүр, баруун гарын сарвуу түлэгдсэн тул НТТТөвийн их эмчид хүлээлгэн өгсөн.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Цэнгэлдэхийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 21:06 цагт очиход 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 318 км-т, сумын төвөөс баруун зүгт 38 км-т, Ө-51°12’00”, У-100°9’00″/02.10-ны өдрийн 19:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 20:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өвөр цагаан дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ Тус сумын харьяат малчин С нь 02.08-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин С /31 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г тус багийн “Шинэ-Ус”, “Өвдөг”, Мандалын говь гэдэг газраар автомашинтай 10 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:20 цагт  “Хоолойн гашуун” гэдэг газар гэрээс нь зүүн зүгт 15 км-т иргэн С-ийн цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Дулаан дамжуулах шугамын худагт байгаа цогцсыг гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг 02.10-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км замыг туулан 17:44 цагт очиход дулаан дамжуулах шугамын худагт нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top