Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Сэлэнгэ, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс нутгаар баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-ний өдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 16-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 17-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 68 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 08:33 цагт очиж, иргэн С-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй өрөөний хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Алтан-Овоогийн 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 19:39 цагт очиход иргэн Н-ын 8 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 329 км-т, Ө-51°24’36”, У-100°12’00″/02.12-ны өдрийн 07:39 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт б олсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 07:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төв болон тухайн газарт нутагладаг иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 357 км-т, Ө-51°13’48”, У-100°19’12″/02.12-ны өдрийн 19:10 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд мэдрэгдээгүй, тухайн газар нутагладаг иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Цас шаварт суусан: Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн ”Аргалантын дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ суудлын автомашинтай иргэд цасанд суусан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:30 цагт очиж, Улаанбаатар хотоос Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Приус-20” загварын cуудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top