Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 10:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/, Ч/3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шархад”-ны “Задгай”-д Цэвэр усны худгийн барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:05 цагт очиход 027 дугаар худгийн 5х6 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн 6 дугаар гудамжинд байшин   шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 1 км зам туулан 11:18 цагт очиход иргэн Л-ийн 8×10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бийрийн-Уулзвар багийн “Самган” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 24 км-т, сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ 02.13-ны өдрийн 12:00 цагт автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.  Тус сумын харьяат иргэн Э-ийн “Эксель” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 13:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 21 дүгээр байранд орон сууцны байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:37 цагт очиход иргэн Н-ын өрөөнд эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Иргэн Н/43 настай, эрэгтэй/ нь буйдангаа шатаасан, зүүн гараа зүссэн, угаартаж ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Зүүн ард-Аюуш”-ын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 02:21 цагт очиход иргэн Ш-ын 10×10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 248 км-т, сумын төвөөс баруун зүгт 117 км-т, Ө-47°44’24.0, У-117°04”12.0/ 02.14-ний өдрийн 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 04:29 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээс тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Хонгорын зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/Иргэн Х-нь 02.13-ны өдрийн 21:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02:14-ний өдрийн 03:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Х /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:37 цагт тус багийн “Гавилууд” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон. 

Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн “Бор заан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Иргэн Б-нь 02.14-ний өдрийн 00:55 цагт автомашинаасаа бууж явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 04:58 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Ханхонгор сумын харьяат иргэн Б31 настай, эмэгтэй/ нь Манлай сумаас Ханхонгор сумын чиглэлд “Клугер” загварын автомашинаар зорчиж яваад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүнтэйгээ муудалцсны улмаас автомашинаасаа буугаад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.   

5.Мэдээлэл:

Амиа хорлох: Ховд аймгийн Дуут сумын Босго багийн “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ 1 хүн мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаж нас барсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн М /17 настай, эрэгтэй/ нь айлын гэрээс хулгай хийж байгаад баригдаж улмаар мотоциклоор зугтаж яваад өөрийгээ шатаасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт 02.14-ний өдрийн 02:10 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 04:10 цагт Дуут сумын чиглэлд явсан бөгөөд 06:10 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажиллаж байна.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top