1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, Их нууруудын хотгор, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 10:50 цагт очиж 1иргэн Д-ын 9х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны Хөшөөт хорооны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:57 цагт очиж иргэн О-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:28 цагт очиж иргэн О-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Аргалант багийн төв замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс урд зүгт 500 метрт/ Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 18.55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:59 цагт очиж иргэн М-ын “Тоёото Эстима” загварын суудлын автомашин шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, Ө-47°08’24”, У-92°34’48″/ 02.15-ны өдрийн 21:14 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Ө-51°32’24”, У-100°13’48”/02.15-ны өдрийн 22:23 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:28 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн “Хонголын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс урд зүгт 25 км/-т Малчин Г нь 02.14-ний өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Г /31 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг 02.14-ний өдрийн 23:50 цагаас эхлэн гэрээс нь баруун зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04:00 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 08:40 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Хайрханы шил” гэдэг газраас 09:20 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хорооны 12 дугаар гудамжны урд тоглоомын талбайн төмөр хийцэд хүүхэд хуруугаа хавчуулсан тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:27 цагт очиж иргэн М /11 настай, эмэгтэй/ тоглоомын талбайн савлуурны төмөр цагирганд нэг хуруу нь хавчуулагдсан байсныг 12 минут ажиллаж аюулгүй болгон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР