“ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин хамтран “Энэ цагийн эгэл баатрууд”-ыг 2021 оны босгон дээр тодруулж, олон нийтэд зарлалаа. Энэ удаагийн эгэл баатраар таван хүн тодорсны нэг нь Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Баатархүү юм.
Ахлах ахлагч У.Баатархүү нь Онцгой байдлын албанд 14 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 1079 удаагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэн, гамшигт үзэгдлийн 169 удаагийн дуудлагаар ажиллан 2458 хүний амь нас, 3500 гаруй толгой малыг цасан болон шороон шуурганд уруудахаас хамгаалсан. Эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад анхаарч эрэлч нохой сургахад хэрэглэгддэг гүүр, дүүжин гүүр, мөлхдөг тор, харайлтын цагираг, сүлждэг туг, урт богино хөтөлгөө, чээжэвч, оосортой оосоргүй бөмбөг, опорт зэрэг багаж, төхөөрөмжийг хийж ашиглаж байна. 2020 онд 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 36 хүний амь насыг аварч, 150 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 4 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хулд сумын “Ар цагаан” гэдэг газрын “Баян булаг” нөхөрлөлийн жоншны уурхайн 20 метрийн гүнд дарагдсан цогцсыг гаргаж, Сайнцагаан суманд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэлч нохойн хамтаар гүйцэтгэж, 83 настай иргэний амь насыг нь авран хамгаалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.