Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Завхан голын эх, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-ний өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-ний өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-21-ний өдөр нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Амгалан баг, автозамын зорчих хэсэгт бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:48 цагт очиж, иргэн М-ийн жолоодож явсан “Истана” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 10 дугаар баг, Хивсний 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:41 цагт очиж, иргэн Г-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:18 цагт очиж, иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 53 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Богочийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 4 км-т/Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:20 цагт очиход тус аймгийн Буянт сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “УАЗ 3962” загварын суудлын автомашин, Жаргалант сумаас “Богочийн рашаан” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Эстима” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас иргэн А-ийн “Эстима” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. /Тухайн 2 автомашинд зорчиж яваад бэртэж гэмтсэн 4 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байсан/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 00:44 цагт очиж, иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top