Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 19-нд Хэнтэйн уулархаг нутаг, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-21-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 16:50 цагт очиход иргэн Г-ын “Старекс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн “Өндөр хүрэн” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ Хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 17:28 цагт очиход иргэн О-ийн 2 тнн өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, Ө-51°13’12.0″, У-100°21”00.0”/ 02.17-ны өдрийн 12:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГФХ-ээс 12:26 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:  

Үер – Шар усны үер: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15 дугаар гудамжинд Ховд голын халиа хальж айлын гэр хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 19:28 цагт очиход иргэн Д-ийн гэр, хашаа усад автсан байсныг усыг соруулж гарган, 50 метр урт, 50 см өндөр шороон далан босгосон.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Цас шаварт суусан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Талын шанд” эдэг газар /сумын төвөөс хойд зүгт 6 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 6 км замыг туулан 03:50 цагт очиход Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Хэнтий аймгийн Баян-Овоо сумын чиглэлд 6 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Пропокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top