Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэргийн цас орж, Говь-Алтай, Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, нутгийн баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутаг, цас багатай, энгэр ээвэр газраар 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, хүйтэрч 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. 22, 23-ны өдөр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 3 дугаар гудамж цахилгааны тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:23 цагт очиж, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн 6000 вт-ын тулгуур багана шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Сант сумын Цахиурт багийн “Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Малчин Б-ын суудлын автомашин, мал, өвөлжөө 02.20-ны өдрийн 04:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар 02.20-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцсан. Уг гал түймэрт тус сумын харьяат малчин Б-ын 8х16 метрийн хэмжээтэй өвөлжөө, “Пронтиер” загварын суудлын автомашин, 4 бод, 67 бог мал, 2.2 тонн өвс тус тус шатсан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:38 цагт очиж, иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн “Мандал хотхон”-ны задгай Иргэн Э-ийн байшин 02.20-ны өдрийн 01:20 цагт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 11:40 цагт хүлээн авсан.  Иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг орон нутгийн 50 хүн, 10 автомашинтай ажиллаж, 02.20-ны өдрийн 05:30 цагт бүрэн унтраасан.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарганнуур багийн Хүрэнчулуутын 2 дугаар хороо, 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 74 км замыг туулан 16:20 цагт очиж, иргэн Ц-ын 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Азарган толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т/Тус сумын харьяат малчин Ц-ийн өвөлжөө 02.20-ны өдрийн 17:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг 02.20-ны өдөр тухайн газарт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Гал түймэрт тус сумын харьяат малчин Ц-ийн 8х16 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 19 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 18:41 цагт хүлээн авсан.Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:45 цагт очиж, иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг, Үйлдвэрийн районы 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:02 цагт очиж, иргэн Г-ын 6 ханатай гэр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн “Нарийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс 64 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Малчин Б нь 02.17-ны өдрийн 09:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Б/40 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 02.20-ны өдрийн 13:50 цагт Хилийн 0243 дугаар ангийн жижүүр тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хүрэн толгой” гэдэг газарт эмэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тухайн газар очиж шалгахад иргэн Б-ийн цогцос болох нь тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн 40-н айлд Иргэн Ш нь 02.17-ны өдрийн 13:30 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болж, Цагдаагийн байгууллага болон ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг тус сумын Цагдаагийн хэлтсээс 02.20-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:12 цагт иргэн Ш /61 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ын цогцсыг “Дуушийн-Энгэр” гэдэг газар /гэрээс нь 7 км-ын зайтай/-аас олж Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Жаргалант багийн “Дуудан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 224 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ “Дуудан” гэдэг газраас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /6 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 02.21-ний өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 01:32 цагт очиж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж, 6 зорчигч /2 том хүн, 4 хүүхэд/-ийг сумын төвд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top