Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-ны өдөр Алтайн салбар уулсаар, 26-ны өдөр нутгийн баруун хагаст, 27-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3  градус дулаан байна. 26-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Үерийн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т/ 1 хүн шатаж нас барсан тухай мэдээллийг 02.23-ны өдрийн 09:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 4 км замыг туулан 10:02 цагт очиход тус сумын харьяат иргэн Г /50 настай, эрэгтэй/ шатаж нас барсан байсан бөгөөд шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 86 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т, Ө-42°07’47”, У-105°34’48”/ 02.23-ны өдрийн 07:47 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн “Улаан бут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 81 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 191 км-т, Ө-42°17’00”, У-105°57’00”/ 02.23-ны өдрийн 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осолГовь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 01:55 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, Баян-Өлгий аймгийн харьяат Б /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат О /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top