1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 13:00 цагт очиход иргэн И-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Хөтөл”-ийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 12:01 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Яргайт”-ын 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 17:38 цагт очиход иргэн Б-ын 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15’36 У-100°22’12/ 02.24-ны өдрийн 23:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 23:59 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Суудлын автомашины онхолдож шатсны улмаас 1 хүн нас барсан тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай эрэгтэй/ нар “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсны улмаас иргэн А /59 настай, эрэгтэй/ нас барсан тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:55 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16:20 цагт явсан бөгөөд 22:15 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР