1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Говь-Алтай, Увс аймгуудад шороогоор шуурч Хэнтий аймагт бага хэмжээний бороо орсон.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 3 дугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Салхи их төлөв секундэд 6-11 метр байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 3 дугаар сарын 1-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 48 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 08:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:53 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баян сумын Цавцир 3 дугаар багийн “Нурамтын адаг” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 42 км замыг туулан 16:00 цагт очиж “Баян Синеталь” ХХК-ийн 18х6 метрийн хэмжээтэй ажилчдын байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 34 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 04:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 34 км замыг туулан 05:42 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд иргэн М-ийн жолоодож явсан “Профиа” загварын том оврын ачааны автомашины чиргүүлийн ачаа шатаж байсныг 6 цаг ажиллаж унтраан иргэн М-д хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 02:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:32 цагт очиж иргэн А-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд / аймгийн төвөөс хойд зүгт 358 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, Ө-51°15”36”, У-100°14”24”/ 02.26-ны өдрийн 07:28 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 07:50 цагт цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Бүрд энд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 127 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т, Ө-47°19”48”, У-100°25”12”/ 02.26-ны өдрийн 22:29 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:41 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Хайрхан багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Химийн бодисын осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр химийн бодис асгарсан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны алба хаагчид, Төмөр замын ачаа тээврийн ажилчид, Байгаль орчны газрын байцаагч нар 16:29 цагт очиход “Калийн хлорид” асгарсан байсан. Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617,5 кг “Калийн хлорид”-ыг 15 шуудайнд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар ажилтан Г-т хүлээлгэн өгсөн. Бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийж, 3 цаг ажилласан. Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторт бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР