Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 4, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Олонбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ сургуулийн байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 10:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 75 км замыг туулан 12:49 цагт очиход тус багийн 12х24 метрийн хэмжээтэй сургуулийн модон байшингийн дээврийн хэсгээс утаа гарч байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:49 цагт очиход автозамын зорчих хэсэгт “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын эзэмшлийн иргэн Б-ын жолоодож явсан “УАЗ Фургон” автомашины хөдөлгүүрийн хэсэг, бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн Мөнхийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:50 цагт очиход иргэн Г-ын хашаа шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн “Баргилт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 185 км-т, сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:21 цагт очиход иргэн М-ийн “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины 4 дугуй шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн “Шар хонхор” гэдэг газарт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:02 цагт очиход иргэн Б-ийн 8 тонн хураалттай өвс шатаж байсныг 4 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 18:00 цагт очиход иргэн П-ийн 7×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багийн “Морин толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 14 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 21:31 цагт очиход тус аймгийн Гучин-Ус сумаас Арвайхээр сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан “Тоёота Приус 20” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 3 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:42 цагт очиход иргэн Б-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 330 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т, Ө-51°08’24”, У-100°19’48″/  03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт хүн нас барсан байна, цогцсыг гаргуулах хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 03.01-ний өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид8 км замыг туулан 15:18 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулаан дамжуулах шугамын 663 дугаар худгаас нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат П /63 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top