Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Төлөв байдал: 4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4, 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 4, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 7-нд баруун аймгуудын нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт “Петролеум” түлшний үйлдвэрийн агуулахад Гал гарч байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 05:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 06:05 цагт очиж тус үйлдвэрийн түлш боловсруулах дамжлаг шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хойд хар сайр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км, сумын баруун хойд зүгт 55 км/-т 03.02-ны өдрийн 09:00 цагийн үед өвөлжөө шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 11:23 цагт хүлээн авсан. Тус сумын Бүрэнхаан багийн даргаар ахлуулсан иргэд малчин Х-ын 45х45, 50х50 метрийн хэмжээтэй өвөлжөөний хашаа, 4х4 метрийн хэмжээтэй төлийн байр шатаж байсныг 7:20 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 1А гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:40 цагт очиж иргэн Ц-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн “Хавцгайт”-ын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:50 цагт очиж иргэн Б-ийн 4х11 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 хэмжээтэй унтлагын өрөө шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны урд талын автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 16:03 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:07 цагт очиж иргэн А-ийн “Тоёота Чэйсер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 322 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°12’00”, У-100°23”24”/ 03.02-ны өдрийн 11:50 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 04:44 цагт очиход иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 45 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн. Иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top