What3words буюу гурван үгт мессеж илгээснээр яаралтай тусламжийг шуурхай авах боломжтой

1212-1.jpg

Аюул, осолд өртсөн иргэн аврах багийн болон эмнэлгийн яаралтай тусламж авахын тулд өөрийн байгаа газрынхаа байршлын хаягийг үнэн, зөв өгөх нь хамгийн чухал.  Тэгвэл Их Британи, Герман, Канад, АНУ, Австрал, Сингапур зэрэг дэлхийн олон оронд what3words технологийг нэвтрүүлж, хүний амь нас, эд хөрөнгийг аврах ажиллагаанд түлхүү ашиглаж байна.

What3words нь дэлхийн газрын гадаргууд 3мx3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдахгүй 3 үгээр хаягжуулж өгсөн бөгөөд  аппликейшн болон цахим газрын зургийн сайтыг иргэд үнэ төлбөргүй ашиглана.

Өөрөөр хэлбэл, иргэд аюул, осол тулгарсан үед байгаа байршлынхаа хаягийг гурван үгт хаягаар өгч болох бөгөөд энэхүү апплейкшн нь интернэтгүй үед ч ашиглах боломжтой.

Нийт дуудлагын 40 орчим хувь нь хаяг, байршил тодорхойгүй байдаг

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Тухайн аюулт үзэгдэл, ослын тухай мэдээллийг иргэд өгөхдөө тухайн газар нутгийн байршил, хаягийг тодорхой өгөөгүйгээс эмнэлгийн болон эрэн хайх, аврах ажиллагааны яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай авч чадахгүй, хугацаа алдах, мэргэжлийн байгууллагынханд хүндрэл учруулдаг. Тухайлбал, Онцгой байдлын байгууллагад иргэдээс ирдэг дуудлагын 40 орчим хувийг хаяг, байршил нь тодорхойгүй дуудлага эзэлж байна.

Иргэд, малчид цасан болон шороон шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, нуур, усанд живэх, цасанд суух, аялал зугаалгаар явах үедээ зүг, чигээ алдах, хөдөө хээр төөрөх зэргээр өөрийн байгаа хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүйгээс яаралтай тусламж авч чадалгүй эрсдэлд өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирол тохиолдол гардаг.

Тиймээс Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах, болзошгүй аюул, ослоос иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор  what3words буюу гурван үгт хаягийн системийг өнгөрсөн оноос эхлэн ашиглаж байна.

600 гаруй алба хаагч сургалтад хамрагдав

Хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох what3words буюу гурван үгт хаягжилтын системийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар What3words-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Тус санамж бичгийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбогдох 600 гаруй мэргэжилтнүүдэд цахим сургалтыг хэсэгчлэн зохион байгууллаа.

Гадаадын жуулчид ч ашиглах боломжтой

Тус системд гурван үгт хаягийг 47 орны хэлээр ашигладаг тул Монгол улсад зорчиж яваа гадаадын жуулчид ч хаяг байршлаа төвөггүй илэрхийлэх боломжтой.

Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд технологиор дамжуулан  энэхүү үйлчилгээг ашиглахад хялбар байх юм.

Мобикомын хэрэглэгчид үнэ төлбөргүй ашиглана

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм.

Хэрэв иргэн гар утсандаа аппликейшн суулгаагүй тохиолдолд аврах анги, эмнэлгийн тусламжийн багаас what3words-н FindMe тусгай холбоосыг мессэжээр илгээсний дагуу иргэн тухайн цахим хуудаст хандаж өөрийн байршлын гурван үгт хаягаа операторт хэлж өгдөг байна.  

Энэхүү үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгохын тулд “Мобиком” корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд “what3words” яаралтай тусламжийн үед иргэнд илгээх FindMe цахим хуудаст дата төлбөргүй хандах боломжийг олгож өгснөөр тус үүрэн холбооны хэрэглэгчид дата дуусахад санаа зоволтгүйгээр тухайн хуудаст үнэгүй нэвтрэх боломж бүрдэж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top