Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 0 градус орчим байна.

Төлөв байдал: 9-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи их төлөв баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Идэр сумын Дархан-Уул багийн ‘”Битүүтийн дээд-Өвөлжөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/Малын хашаа шатсан тухай мэдээллийг 03.05-ны өдрийн 08:55 цагт хүлээн авсан.Тус сумын малчин О-ийн малын хашаа, 90 хонь, 13 ямаа, нийт 103 бог мал 03.03-04-ний өдөр шатсан тухай мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, галд өртсөн малын сэг зэмийг цэвэрлэсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т/Барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 45 км замыг туулан 12:16 цагт очиход тус багийн Захирагчийн албаны “Иргэний танхим”-ын барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн А15 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:42 цагт очиход иргэн Э-ын Аксент загварын суудлын автомашин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн ‘’Овоотын хөх толгой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 200 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/03.05-ны өдрийн 17:00 цагийн орчим малчин Д-ийн гэр, автомашин шатсан тухай мэдээллийг 03.05-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход малчин Д-ын 4 ханатай гэр, улсын дугаартай “УАЗ 31519” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:10 цагт очиход эзэнгүй 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтрааж, тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 02:01 цагт очиход иргэн М-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 5×3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 73 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 04:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 04:40 цагт очиход иргэн А-н 3×3 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Ханан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвөөс урд зүгт 17 км-т, Ө-49°17’24”, У-103°56”24”/ 03.06-ны өдрийн 02:53 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 03:05 цагт цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тус сумын төв болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн “Шинэ-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 17 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ 03.05-ны өдрийн 18:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.05-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 17 км замыг туулан 23:03 цагт очиж, Э /2 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.06-ны өдрийн 03:35 цагт /гэрээс нь хойд зүгт 2.6 км-т/ “Хавтгайн бөгс” гэдэг газраас эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Отгон сумын Буянт баг /аймгийн төвөөс зүүн урд 130 км-т/ 03.05-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн У автомашинтай /2 зорчигчтой/ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.06-ны өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид тус сумаас Улиастай сумын чиглэлд иргэн У-ын жолоодож явсан “Субари Порестор” загварын суудлын автомашинтай зорчиж яваа иргэн Ч /75 настай, эрэгтэй/, Н /42 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

scroll to top