Х.Цогбадрах: Аз жаргал гэдэг бусдыг элэг бүтэн, сэтгэл дүүрэн амьдруулах юм

10-5-4.jpg

Б.ДОЛЖИНЖАВ

Бусдын сайн сайхан, элэг бүтэн, эрүүл амьдралын төлөө амь насаа үл хайхран зүтгэдэг хүмүүс бол аврагч нар билээ. Тэдний төлөөлөл болгон НОБГ-ын Аврах 105 дугаар ангийн аврагч, тэргүүн ахлагч, үйлчилгээний гавьяат ажилтан Х.Цогбадрахыг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа.

-Хамгийн сүүлд оролцсон аврах ажиллагаанаас тань ярилцлагаа эхэлье. Энэ зун ачаалал ихтэй ажиллав уу?

-Жил бүр зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүлд 24 цагаар гарч ажилладаг. Энэ жил бусад жилтэй харьцуулахад бороо хур элбэг, усны осол их байлаа. Манай алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж олон төрлийн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд найман настай хүүхэд усанд осолдсон гэх дуудлагад очиж ажиллалаа. Өндөр хариуцлагатай, ур чадвартай, аврах дадлагаар мэргэшсэн аврагчид усны  ослын дуудлагад очиж ажилладаг.

-Ямар ч ослын үед аврагч тухайн хүн болон гэр бүлийнхнээс нь илүү санаа зовдог байх?

-Өөрийгөө болон бусдыг эрсдэлд хүргэсэн дуудлага, хүн эрсдээгүй ч аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа, ур чадвар их шаарддаг хэцүү дуудлага тохиолдоно. Тухайлбал, олон метрийн  гүнд шумбаж, усан доогуур олон цагаар эрэл хийх тохиолдол их  гардаг. Гэхдээ хэчнээн хэцүү байсан ч тухайн хүнээ аврах нь чухал. Манай аврагч нар энэ хэцүү албанд үүрэг гүйцэтгэж, ховорхон мэргэжлийг сонгож ажиллаж байгаагаараа үргэлж бахархдаг. Олон осолд аврах ажиллагаа явуулж байхад ар гэрийнхнээс  нь илүү сэтгэл минь шаналдаг.  Энэ хүнийг амьд гаргаад ар гэрт нь, эмнэлгийн байгууллагад хүлээлгээд өгчих юмсан, эд хөрөнгийн хохирол багатайхан гал түймрийг нь унтраачихсан юмсан гэсэн  бодолтойгоор ажилладаг. Усанд осолдсон, түймэрт өртсөн хүнийг хайж олж, эсэн мэнд  хүлээлгэж өгөх нь бидний үүрэг.

-Энэ хугацаанд олон хүний амийг аварсан байх. Одоо хүртэл сэтгэлээс тань гардаггүй аврах ажиллагаа байдаг уу?

-Удаан хугацаанд усан дотор байж байгаад амьд гарсан тохиолдол ховор байдаг. Хэдэн жилийн өмнө Туул голд хүн осолдлоо гэсэн дуудлага ирсэн. Өглөө эрт 06:00 цагийн үед найзуудтайгаа гол дээр очсон юм шиг байгаа юм. Дуудлагар очоод цаг шахам эрлийн ажиллагаа явуулаад осолдсон охиныг олсон. Эмнэлгийн анхны тусламж үзүүлээд ухаан ороод найзуудтайгаа хамт явсан. Азтай хүүхэд байна даа гэж бодсон. Аврагч бол хүний амь нас авардаг сайхан мэргэжил.  Харин заримдаа аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа  даарах, усан доогуур олон  цагаар шумбах хэцүү зүйл олон тохиолдоно. Гэхдээ аврагч  бол хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг буянтай үйл хийдэг хүмүүс. Тиймдээ ч олон хүн бидэнд баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Банкинд зогсож байтал нэг залуу “Ахаа та Онцгой байдлын газарт ажилладаг бололтой. Аль ангид нь ажилладаг вэ” гэж асуусан. Би “Нийслэлийн аврах 105 дугаар анги” гэсэн чинь “Миний амь насыг аварсан хүмүүст баярлалаа гээд дамжуулаад өгөөрэй” гэж хэлэхэд нь мэргэжлээрээ их бахархсан даа.

-Тэгэхээр аврагч хүн бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх нь чухал бололтой?

-Аврагч болох гэж байгаа хүн бусдыг хайрлах, бусдын амь насыг авран хамгаалах сэтгэлтэй, хашир, нягт нямбай байж, зорьсондоо хүрэхийн төлөө тууштай ажиллах ёстой.  Хамгийн чухал нь эзэмшсэн мэргэжилдээ үнэнч  байх ёстой. Дадлага сургуулилтаа сайн хийж, ур чадвараа цаг үргэлж сайжруулж чадвал өөрөө бэртэж гэмтэх тохиолдол бага. Аврагч хүн амарч байсан ч утсаа унтрааж болохгүй. Хэзээ ч дуудсан бэлэн байх ёстой. Утсаа хүнд дамжуулж,  аль нэг газар орхиж, биеэсээ салгаж болдоггүй бидний хамгийн чухал зэвсэг юм. Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж, нэг ч болтугай айлыг элэг бүтэн, сэтгэл дүүрэн амьдруулах нь аврагч хүний хувьд аз жаргал шүү дээ. Тиймээс аврагчид ядарсан ч  түүнийгээ хэлдэггүй.

-Таны хувьд өнгөрсөн онд үйлчилгээний гавьяат ажилтан болсон. Гавьяат болсон гурав дахь аврагч болсон билүү?

-Нийслэлийн онцгой байдлын газрын гурав дахь гавьяат болсон. Миний ажлыг хамт олон, төр, засаг минь өндрөөр үнэлж үйлчилгээний гавьяатаар шагнасанд удирдлагууддаа баярлаж явдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд байгууллагынхаа шинэ жилд орж байх үед Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар ярьж гавьяат болсныг минь хэлсэн. Энэ бол ганц миний биш бидний хамтын хүч хөдөлмөр. Учир нь аврах ажиллагаа бол багийн ажил байдаг. Гавьяат болсноор үүрэг хариуцлага минь улам нэмэгдэж, шинэ аврагч нартаа зөвлөгөө өгч, бусдыгаа үлгэрлэн манлайлж ажиллаж байна. Мөн түшиг тулгуур болж явдаг хань, үр хүүхдийн минь гавьяа юм. Ой хээрийн түймэр унтраахаар, усны ослын эрлийн дуудлагаар сар гаруй гэрээсээ хол үүрэг гүйцэтгэж байсан. Тиймээс хүссэн мэргэжилдээ амжилт гарган ажиллахад  хань, үр хүүхэд маань арын албыг найдвартай, нэр төртэй авч явдаг нь их нөлөөлсөн.

-Гэхдээ аврагч их эрсдэлтэй мэргэжил. Шантарч байгаагүй гэж үү?

-Өөрөө сонирхож, зорьж орсон учраас шантарч байгаагүй. Нэр хүндтэй албанд орсон учраас урдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд шантрахгүйгээр хүмүүсийн амь насыг авран хамгаалах чухал үүргээ нэр төртэй биелүүлнэ гэсэн бодолтой явдаг. Онцгой байдлын албан хаагч хүн амь насаа үл хайхран,  мэргэжилдээ эзэн нь болж ажиллана гэсэн тангарагтай ажилладаг.

-Зорьж орсон гэлээ. Яагаад аврагч болохоор энэ хэцүү албыг сонгосон юм бэ?

-Бага байхад гоё дүрэмт хувцас өмссөн цэргийн хүмүүс нүдэнд их содон тусдаг байлаа. Мөн гуч машинаар тээвэрт явдаг жолооч ах нар их сайхан харагддаг байж билээ. Тэгээд энэ хоёр мэргэжлийн нэгийг сонгоно гэж шийдсэн. Хүсэл мөрөөдлөө биелүүлж 17 жил цэргийн албанд ажиллаж байна. 

-Энэ албанд 17 жил ажилласан гэхээр дөрвөн жилийн дараа гавьяаны амралт авна гэсэн үг үү?

-Тийм ээ. Олон жил нэгдэж, хамтарч ажилласан сайхан хамт олон, ажлаа орхиод гавьяаныхаа амралтад гарна гэдэг  хэцүү санагдаж байна. Цаашид олон аврагчийг бэлтгэж, зөвлөгөө өгч, мэргэжлийг нь эзэмшүүлж, олон хүний амь насыг авран хамгаалах үйлсэд нь сургана гэж бодож байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

scroll to top