Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 14-ний өдөр ихэнх нутгаар, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-ны өдөр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 16-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Цоохор нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 420 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 10:03 цагт очиж, иргэн Д-ийн “SX4254” загварын зүтгүүр /74 тн нүүрс тээвэрлэж явсан/ -ийн хойд талын дугуйны хэсэг шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:30 цагт очиж, иргэн О-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн хананы хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Утаагийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:00 цагт очиж, иргэн Д-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан баг дахь “Оюут” зочид буудал гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:16 цагт очиж, “Оюут” зочид буудалын 10х20 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн хаалга, 1 дүгээр давхарын шалны хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 23:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:37 цагт очиж, иргэн Ч-ийн байранд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргасан бөгөөд уг гал түймэрт тус байрыг түрээслэгч иргэн Б /63 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТөвд, иргэн Э /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.    

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 00:00 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.       

2. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Улаан хужирын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 16:03 цагт цурамд оруулж, 17:08 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 750 га талбай шатсан/

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хорооллын 48/В дүгээр байрны 4 давхар цахилгаан шат гацаж, хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 8.5 км замыг туулан 01:50 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт цахилгаан шат гацаж, дотор нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Я /37 настай, эмэгтэй, согтуу/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй, согтуу/ нар түгжигдсэн байсныг эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top