УОК-ын ээлжит хуралдаан бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим аж ахуйн нэгжүүд тодорхой тооны хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болж байна. Тодруулбал улбар шар түвшинд шилжсэнээр сургалтын төвүүд, олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг 10 хүртэл суралцагчийн дүүргэлттэй, спортын клуб, чийрэгжүүлэх төв, саун, бассейн, кино үзвэрийн газрууд багтаамжийнхаа 30 хүртэл хувьд үйлчлүүлэгч авч ажиллах боломжтой. Харин аялал зугаалга, жагсаал цуглаан, шашны зан үйл хийх, цахим тоглоомын газар, дэн буудал, гандан, баар, диско, караоаке нээх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлаж байна.
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны даваа гаригийн 06:00 цагаас эхлэн 14 хоногоор хязгаарлаж, нийслэлд үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулж, замын хөдөлгөөнийг 23:00-06:00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо.
Гуравдугаар түвшинд байх 14 хоногийн дээрх хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Тухайлбал ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Үүний дараагаар 18-49 насны иргэдээ хамруулж, тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт нэг сая иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөж байна.