Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, зүүн болон говийн аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 19-ний өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 17, 18-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 19, 20-ны өдөр ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Баяндавааны-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 07:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 08:32 цагт очиж, иргэн А-ын 5х15 метрийн хэмжээтэй малын саравч, 1.6 тн өвс шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 4 дүгээр байранд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 0.15-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:57 цагт очиж, иргэн О-ийн 4х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

   Хөвсгөл аймгийн Галт сумын  Галт багийн “Сэвжидбалбар” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 21:12 цагт очиж, иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.         

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багийн ‘’Чулуут дэвсгэр’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 27 км-т/ Малчин Э-ын өвөлжөөны бууц 03.14-ний өдрийн 03:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж унтраасан.    

Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Зүрүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 195 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ 03.13-ны өдрийн 19:00 цагийн орчим 2 айлын байшин шатсан тухай мэдээллийг 03.15-ны 20:50 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд т ажиллаж иргэн Д, Д нарын 10х15 метрийн хэмжээтэй 2 байшин, эд хогшлын хамт шатсаныг унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /65 настай эрэгтэй/ нүүрний хэсэг, иргэн Д/59 настай эмэгтэй/ толгой хэсэг түлэгдсэнийг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Булган сумын иргэд ажиллаж мөн өдрийн 23:20 цагт цурамд оруулж, 03.15-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт 14000 га талбай шатсан/

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, Ө-51°21’36”, У-100°30’36″/ 03.15-ны өдрийн 22:54 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:10 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргынТамгын газрын даргаас болон иргэдээс тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.    

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Сүхбаатар аймгийн Уулбаян сум Баян багийн “Дөрвөлж” хорооллын 4 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвд/ Иргэн Б нь 03.14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 03.16-ны өдрийн 06:25 цагт эхлүүлсэн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байр дулааны шугамын худаг руу хүн унасан тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:31 цагт очиж, иргэн Ө /59 настай, эрэгтэй согтуу/ 4 метрийн дулааны шугамын худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top