Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар цасаар шуурч байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говь, тал, хээрийн нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 0 градус орчим байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зарим газар, 20-22-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэрийн-Ам”-д баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:07 цагт очиход “Нью Toвeр” ХХК-ийн 15 давхарт барилгын дээврийн дулаалгын хөөс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастын гудамжинд/аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4.5 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:40 цагт очиход иргэн О-ийн “Мазда Титан” загварын ачааны автомашины тэвшний хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 03.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 16:36 цагт очиход эзэнгүй 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтрааж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top