1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-нд нутгийн зүүн өмнөд, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-21-нд говь, талын нутгаар, 22-23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 14:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:34 цагт очиж иргэн Н-н 6х13 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсэгт гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 05:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 06:00 цагт очиж иргэн Б-ийн 4 ханатай гэр 1 ширхэг, 5 ханатай 1 ш гэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 323 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, Ө-51°18’36”, У-100°12”00”/ 03.19-ний өдрийн 06:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:52 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
– Шороон шуурга: Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа 3 дугаар багийн “Өлзий үүрийн ам”, “Хойд хажуу” гэдэг газруудад /аймгийн төвөөс баруун урд зүгт 150-200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50-53 км/-т 03.14-ний өдрийн 16:00 цагийн үед 28 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г, Д нарын 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 03.18-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР