Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Бүх нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн урд Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:52 цагт очиж аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “Тоёота Пробокс” загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Микро” хороолол 16 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 02:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:36 цагт очиж 16 дугаар байрны 2×2 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:15 цагт очиж иргэн П-ын “Верна” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 24 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:34 цагт очиж иргэн Ч-ийн 0.5 га газарт өнжмөл шар өвс, иргэн П-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 17 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:14 цагт очиж иргэн Э-ийн 18х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт 9 дүгээр багийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:30 цагт очиж Хөшөөт 9 дүгээр багийн задгайд эзэнгүй байшин шатаж байсныг 60 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 11 дүгээр багийн “Уурхайчин” хорооллын 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:53 цагт очиж иргэн Д-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 03:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:09 цагт, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 17.5 км замыг замыг туулан 03:24 цагт очиж эзэнгүй 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 04:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:17 цагт очиж эзэнгүй 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

–   Төмөр замын тээврийн осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлсэн тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 07:46 цагт очиж тус аймгийн Дархан сумын харьяат иргэн О /63 настай, эмэгтэй/ “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай Ховд аймгийн Үенч сумаас Дархан-Уул аймгийн Дархан сумын чиглэлд зорчин яваад “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсоноос ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлж автомашины бензин асгарсан байсныг аюулгүй болгон Дархан-Уул аймгийн мэргэжлийн ангийн /16 тн/ өргөгч автомашинтай 2:26 цаг ажиллаж төмөр замын бүсээс гаргасан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

 Өндрөөс унах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 20:45 цагт очиж 1 дүгээр гудамжны 4 давхар нийтийн байрны дээврээс Баянзүрх дүүргийн иргэн Л /22 настай, эрэгтэй/ нь найз залуутайгаа муудалцаж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 15 минут ажиллаж аварч буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байранд хүн ухаан алдсан хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13 км замыг туулан 15:30 цагт очиж хаалгыг 20 минут ажиллан онгойлгоход ИБУИНВУ-ын иргэн И /69 настай, эрэгтэй/ нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байранд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 12 км замыг туулан 01:31 цагт очиж 2 минут ажиллан хаалгыг онгойлгоход иргэн Х /31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top