Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн талаарх урьдчилсан мэдээг хэрхэн ойлгох вэ?

4mv0n0___x974.jpg

Г.Номин

  2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр “Говь-Алтай, Баянхонгор,  Өвөрхангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна”, “14-15-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүснэ” гэдгийг ЦУОШГ, ОБЕГ-аас анхааруулж байв.

Урьдчилан анхааруулсан тус гамшигт үзэгдэл 10-15 цагийн турш үргэлжилсэн. Улсын хэмжээнд 468 иргэн сураггүй алга болж, харамсалтай нь 10 иргэн амь насаа алдсан юм.

Монгол оронд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиолдож, 200 гаруй иргэн нас бардаг гэх стастистикийг 2018 онд танилцуулж байсан бол 2020 онд 243 иргэн гамшгийн улмаас нас баржээ.

Үндэсний статистикийн хороонд бүртгэгдсэн цаг агаарын гамшигт үзэгдлийн статистикт хүчтэй цасан шуурга, аадар бороо, үер зонхилж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “гамшигт” гэсэн ангилалд нэрлэгдсэн байгалийн үзэгдлүүдийг харвал,

Хүчтэй цасан болон шороон шуурга:

  • 2017 онд – 151
  • 2018 онд – 129
  • 2019 онд – 412
  • 2020 онд – 235 удаа

Аадар бороо, үер:

  • 2017 онд – 85
  • 2018 онд – 395
  • 2019 онд – 227
  • 2020 онд – 204 удаа тохиолджээ.

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрдсэн үед мэдээллийг хэрхэн, ямар хэлбэрээр ард иргэдэд хүргэдэг болохыг танилцуулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээг “Анхааруулах”,  “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” гэж ангилна. 

Анхааруулах мэдээг шар өнгөөр илэрхийлнэ

Урьдчилсан мэдээнд цаг агаарын байдал эрс өөрчлөгдөх боловч эрч хүч, үргэлжлэх хугацаа, хамрах газар нутаг нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй, эсвэл 2-3 хоногийн дараа цаг агаар эрс өөрчлөгдөж цаашид аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй гэж үзсэн тохиолдолд эдийн засгийн чухам ямар салбарт илүү нөлөөлөхөөс нь хамааруулан МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД гэсэн гарчигтайгаар мэдээлнэ.

Сэрэмжлүүлэх мэдээг цаг агаарын аюултай үзэгдэл болох нөхцөл бүрдсэн үед ард иргэдэд хүргэх бөгөөд улбар шар өнгөөр илэрхийлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй боловч бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ, ард иргэдийн хэвийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хүндрүүлэх, цаашид гамшигт хүргэж болзошгүй ус цаг уурын элемент, үзэгдлийг ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ гэнэ. Цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед “ДОХИО! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ” гэсэн гарчигтайгаар нийтэд мэдээлнэ.

Урьдчилан сэргийлэх мэдээг цаг агаарын гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрдсэн үед ард иргэдэд хүргэх бөгөөд улаан өнгөөр илэрхийлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан эрч хүч, үргэлжлэх хугацаа, хамрах  газар нутаг, тохиолдох цаг улирлын хувьд улс нийгэм, хүн амд ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрсэн ус цаг уурын элемент, үзэгдлийг цаг агаарын нэн аюултай буюу ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ гэнэ. Цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед “ХАРАНГА!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гэсэн гарчигтай, дуут дохиотойгоор олон нийтэд мэдээлнэ.

Манай оронд хавар, намрын улирлын үргэлжлэх хугацаа өргөн хүрээнд хэлбэлздэг

Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монголд богино, хуурай зун (VI сараас VIII сарын дунд хүртэл үргэлжлэх), ихээхэн хүйтэн, урт өвөлтэй (XI сараас IV сар хүртэл үргэлжлэх), хавар намрын улирлын үргэлжлэх хугацаа өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.

Монгол оронд үүлшил бага, цэлмэг өдрийн тоо их бөгөөд жилдээ 230-260 хоног буюу 2,600-3,300 цаг нар гийгүүлдэг байна.

 “Цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн”

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад бараг төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэнийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв хэлж байв.

Гамшигт үзэгдлийн төрөл зүйл гэдэгт аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, мөндөр гэх мэтийг хамруулна.

Уур амьсгалын өөрчлөлтийг агаарын температур, хур тунадас гэсэн хоёр үндсэн элементээр илэрхийлдэг. Манай орны хувьд 1940 оноос хойш 80 жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн. Харин дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86 градусаар дулаарсан.

Хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурсан. Энэ нь жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ бөгөөд хур тунадас өвлийн улиралд 20 орчим хувиар өссөн бол зундаа 10 орчим хувиар буурсан байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр тооцоолоход буюу ямар нэгэн арга хэмжээ авахгүй одоогийн хурдаар өөрчлөлт явагдвал энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн дундаж температур 9 градусаар нэмэгдэж, Монголын хувьд 6-7 градусаар дулаарна. 

Сүүлийн 80 жил 2.2 градусаар дулаарахад гарсан өөрчлөлтийн талаар би түрүүн хэлсэн. Тэгвэл 6-7 градусын дулаарал түүнээс хэд дахин илүү гамшигт үзэгдлийг бий болгох эрсдэлтэй. Дунд тооцооллоор явбал Монгол орны нутаг дэвсгэр 3-4 градусаар дулаарна. Хамгийн багаар бодвол одоогийн түвшин буюу 2-3 градуст барих тооцоолол гарч байгаа.

Хур тунадасны хувьд өвлийн цас 50 орчим хувиар нэмэгдэнэ. Зуны хур тунадас мөн 10 орчим хувиар нэмэгдэх ч илүү хуурайших нөхцөл байдал бий болно гэсэн ерөнхий тооцоог агаар мандлын динамик загвар дээр үндэслэн гаргасан” хэмээн доктор П.Гомболүүдэв хэлсэн юм.

Эх сурвалж: ikon.mn

 

scroll to top