Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд оллоо

FB_IMG_1616838353468.jpg

Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 м/с, түр зуур 28-30 м/с, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 м/с, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан.

 Мөн Архангай аймгийн хойд хэсэг, Булган аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, салхины хурд 16-23 м/с, түр зуур 26-30 м/с хүрч, цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. 

 Цасан болон шороон шуурганы улмаас Төв аймгийн Лүн  сумын Цагаан-Уул багийн нутагт малд яваад сураггүй болсон хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эсэн мэнд оллоо.

Мөн 03 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 18 айлын гэр, 25 айлын хашаа нурж, 5 байшингийн дээвэр хууларч, 200 орчим толгой мал шуурганд уруудаж, 20 толгой бог мал хорогдсон тухай дуудлага мэдээлэл ирсэн.  

Тухайлбал,  

Завхан аймгийн Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнхайрхан суманд тус бүр 1,Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 2, Баянговь суманд 1, Эрдэнэцогт суманд 1, нийт 4 айлын гэр, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1 блокон хашаа нурж, 20 бог мал дарагдаж хорогдсон, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 2 айлын гэр, Жаргалан суманд 6 айлын гэр, 24 айлын хашаа нурсан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 2, Уянга суманд 1, нийт 3 айлын гэр нурсан байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч, Дорнод аймгийн нутгаар цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг Онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top